
Хятад улсад шувууны томуугийн А(H7N9) вирусын халдвар гарсантай холбогдуулан манай улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ноос БНХАУ-ын гарал үүсэлтэй тэжээвэр шувуу, тахианы мах махан бүтээгдэхүүн, өндөг, өндгөөр хийсэн бүтээгдэхүүн, шувууны тэжээл оруулж ирэхийг хориглоод байсан билээ. Өнгөрсөн хугацаанд хилийн боомтод ямар нэгэн зөрчил илрээгүй тул дээрхи хоригийг өнгөрсөн баасан гаригт мэргэжлийн хяналтын байгууллагаас цуцалжээ.
БНХАУ-д дэгдсэн шувууны томуугийн А(H7N9) вирусын халдварын лабораториор батлагдсан тохиолдол 131 болжээ. Үүнээс 32 хүн нас барьж, 55 нь эмчлүүлж байгаа аж. Харин 44 нь эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд энэ сарын 7-ноос хойш шинээр өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Д.ЖАРГАЛ