Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 26-нд болох билээ. Энэ жилийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөнө. Тодруулбал, АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг, харин МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг тус тус дэвшүүлээд байгаа билээ. УИХ-д суудалтай бусад намууд МҮАН, ИЗНН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа.
Сонгуульд өрсөлдөх намуудын тухайд нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр холбогдох шаардлагатай бичиг баримтыг СЕХ-нд хүргүүлээд буй. СЕХ нь нэр дэвшигчдийн баримт бичгийг шалгаж, хуулийн дагуу байна гэж үзвэд тавдугаар сарын 22-нд буюу ирэх лхагва гаригт нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгох юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан цагаас сурталчилгаа эхлүүлэх хуулийн заалттай юм.