
Түрүүлсэн багаас гадна доод лиг рүү “унах” болон доод лигээс дээш дэвшин тоглох багууд хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байдаг. Тэгвэл энэ улиралд “Уиган”, “Рийдинг”, “Квийнс Парк Рэйнжерс” багууд зиндаа буурч, доод төвшний лиг болох “Чампионшип”-т өрсөлдөх нь тодорхой болсон. “Уиган” энэ жил Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу “FA Cup” хүртсэн ч ирэх улиралд доод лигт тоглохоор боллоо. “Уиган” сүүлийн жилүүдэд томоохон амжилт үзүүлээгүй ч доод лиг рүү буурах төвшинд тааруу тоглож байсангүй. Харин Английн Премьер лигийн ч чинээлэг багуудын нэг “Квийнс Парк Рэйнжерс” доош чансаа буурахгүйн тулд шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэж, Харри Реднаппаар удирдуулсан ч тус болсонгүй.
Эсрэгээрээ “Кардифф Сити” болон “Халл Сити” багууд ирэх улиралд Премьер лигт дэвшин тоглох нь тодорхой боллоо. Ингэснээр дараа жил Премьер лигт Уэльсийн хоёр баг тоглох болж байна. Мөн Английн Премьер лигийн доорх лигийн гурваас зургаадугаар байрт шалгарсан багууд плей-оффын тоглолтод оролцож, ялсан нь дээш дэвшдэг. Тэгвэл энэхүү плей-оффын тоглолтын шигшээ тоглолтод “Кристал Палас” болог “Уатфорд” багууд шалгарсан байна. Шигшээ тоглолт тавдугаар сарын 27-нд 22:00 цагт /Улаанбаатарын цагаар/ болно.


