Елена Исинбаева эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.19-нд нийтлэгдсэн

Елена Исинбаева эргэн ирлээ

Шанхайд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Елена Исинбаева сэтгүүлчдийн асуултад хариулж байгаа нь. Фото: PETER PARKS / AFP

Лондонгийн олимпийн дараа их спортоо орхих дөхсөн домогт тамирчин Елена Исинбаева өрсөлдөөний их талбарт эргэн ирлээ. Оросын тулгуурт харайлтын тамирчин IAAF /Олон улсын хөнгөн атлетикийн нэгдсэн холбоо/-ын Шанхайд болсон “Очир алмазан лиг”-ийн ээлжит цувралд түрүүлсэн байна.

Олимпийн хошой аварга энэ удаад хоёр дахь оролдлогоороо 4,70 метрийг амжилттай харайснаар алтан медалийн болзол хангажээ. Тэмцээний тулгуурт харайлтын төрөлд АНУ-ын тамирчин Мэри Саксер /4,60 метр/, Германы Зильке Шпигельбург /4,55 метр/ нар удаалсан байна.

Елена Исинбаевагийн хувьд Шанхайн тэмцээн 2013 он гарсаар анхны олон улсын чанартай тэмцээн нь байв. Лондонгийн олимпиос хүрэл медаль хүртсэн Елена өвлийн уралдаан, тэмцээнийг өнжиж, цаашид зодог тайлж магадгүй тухайгаа ч хэлж байсан юм. Ямартай ч тэр эргэн ирлээ. Түүний гол зорилго, магадгүй сүүлийн тэмцээн нь ирэх наймдугаар сард Москвад болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бололтой. ДАШТ-ээс тэрбээр ирээдүйн спортын хувь заяагаа шийдэх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж