Цаг агаараас үүдэлтэй хүндрэл гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.19-нд нийтлэгдсэн

Цаг агаараас үүдэлтэй хүндрэл гараагүй гэв

Монгол Улсын нийт нутгаар өчигдөр цаг агаар ширүүсч, зарим аймагт хүчтэй шороон болон цасан шуурга болсонтой холбоотой Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь гэсэн дөрвөн аймаг руу явдаг зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм. Өнөөдрөөс цаг агаар тогтворжсон тул хоригийг цуцалж, хөдөө, орон нутгийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрөгч баасан гаригт мэдээлэл хийж, тавдугаар сарын 17-нд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, 18-нд Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулж байсан юм.

Баасан гаригийн орой, бямба гаригт нийслэлд хүчтэй шороон шуурга болж, бороо, цас холилдон орж, цаг агаарын тааламжгүй байдал үүссэн. Гэхдээ нийслэлийн хэмжээнд болон орон нутагт цаг агаарын тааламжгүй байдлаас үүдэлтэй ноцтой хүндрэл гараагүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж