“Эх орон 36” хөтөлбөрийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.19-нд нийтлэгдсэн

“Эх орон 36” хөтөлбөрийн нээлт боллоо

“Эх орон 36” хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өчигдөр “Найрамдал” олон улсын хүүхдийн төвд боллоо. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилгаар “Эх орон 36” хүүхэд хөгжлийн  хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийг эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлсэн бөгөөд хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрдэм мэдлэгтэй болгохоос гадна нийгмийн амьдралд суралцах, өөрдийн хийж чадах зүйлийг хамтдаа бүтээх, нийгэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд эрүүл мэндийн анхан шатны тусламж, хаягдал бүтээгдэхүүнээр бүтээл хийх, хамтдаа ярилцаж, аялал зохион байгуулж, мэргэжлээ сонгох, амьдралд эрдэм мэдлэгээс гадна хүүхдүүдийн зайлшгүй мэдэж байх ёстой олон зүйлс байдгийг “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн багш нарын удирдлага дор суралцах юм байна. Хөтөлбөр 36 цаг үргэлжлэх бөгөөд зөвхөн амралтын өдрүүдэд хүүхдүүд хөтөлбөрт хамргдаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг нь энэ хөтөлбөрийн нэг онцлог гэдгийг санаачлагч онцолж байлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хөтөлбөр хэрэгжээд тодорхой үр дүнд хүрсний дараа албан ёсоор нээлтээ хийе гэж бодож байсан. Өнөөдөр хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд нэг зүйлд тэмүүлж, олж авсан мэдлэгээ өөр өөрсдийн амьдралд хэрэгжүүлж, найз нөхдөдөө тусалж, дэмжихэд бэлэн болсон байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хөтөлбөрийн хүрээнд нэгэн уриалга гаргасан. Энэхүү уриалгад хүүхдүүдийг амьдралд сургах, нийгэмшүүлэх энэ ажилд дэмжиж оролцох бөгөөд Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд бүгд дэмжиж оролцохыг уриалсан. Мөн “Эх орон 36” хөтөлбөрийг нийслэл бус орон даяар хэрэгжүүлэхийг урилсан уриалгыг нээлтийн ажиллагаанд хүргүүлсэн. Энэ хөтөлбөрийн эхлэлд оролцсон хүүхдүүд бусдадаа халаагаа өгч, анхдагч болж байгаараа онцлог юм” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж