Хятадын хосыг хожиж, шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

Хятадын хосыг хожиж, шигшээд шалгарлаа

Ширээний теннисний ганцаарчилсан болон хосын, холимог хосын 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын Парис хотноо энэ өдрүүдэд үргэлжиж байна.

Энэ сарын 13-нд эхэлсэн 51 дэх удаагийн дэлхийн аваргын тэмцээний холимог хосын төрөлд Өмнөд Солонгос улсын тамирчид эхний дуулианыг тариад байна. Холимог хосын хагас шигшээд учраа таарсан БНХАУ-ын Лау Жин Вэн (дэлхийн аварга), Ван Ли Чин, БНСУ-ын И Сан Сү, Пак Ён Сүг нарын тоглолтод 11-9, 11-8, 11-4, 8-11, 11-8-ийн харьцаагаар өмнөдийн хос илүүрхэж, мөнгөн медалийн болзол хангаад байна. БНСУ-ын хос Хонг Конгийг буулган авсан БНАСАУ-ын хостой аваргын төлөө тоглохоор болжээ.

БНСУ-ын хос И Сан Сү, Пак Ён Сүг нар Хорват, Швед, Япон, Словакийг хожиж шигшээ наймд Тайвань, хагас шигшээд БНХАУ-ын хүчтэй өрсөлдөгч нараа буулган авснаар 12 жилийн дараа /1991/ Өмнөдүүдийн дэлхийн аваргын медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Хэдийгээр холимог хосын төрлийн шигшээд Хятадын тамирчдаас шалгарч чадаагүй ч эрэгтэй болон эмэгтэй хосуудын аваргын төлөө бусад шилдгүүд нь шалгараад байна. Эрэгтэй хосын төрөлд БНХАУ-Тайваний хосууд шалгараад байгаа бол, эмэгтэй хосын төрлийн хагас шигшээд БНХАУ-ын гурван хос, Сингапурын хостой үлдээд байна.

Мөн энэ цагт эрэгтэй, эмэгтэй шигшээ наймын тоглолтууд болж буй бөгөөд эмэгтэй хагас шигшээд БНХАУ-ын дөрвөн тамирчин шалгараад байна. 

Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон манай шигшээ багийнхан хэсэг бүртээ нэг хожил авсан байна. Мөн эмэгтэй хосын төрөлд оролцсон спортын мастер Б.Энхжин, Н.Дэлгэрмаа нар эхний тоглолтод Кувейтийн
теннисчдийг хожсон ч дараагийн шатад АНУ-ын теннисчдэд хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.

НЭМЭЛТ: Холимог хосын шигшээ тоглолтод БНАСАУ-ын хос Өмнөдийн хосыг 4:2 /11-6, 11-8, 11-3, 6-11, 8-11, 11-7/ хожсоноор дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзнээр тодорлоо. Эрэгтэй хосын Тайваний хос тэргүүлсэн бол бусад төрөлд БНХАУ-ын шилдгүүд ноёрхлоо.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж