
Шавийн эрдэм багшаас гэдэг. Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс. 2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59,5%, Ховд их сургуулийн элсэгчдийн 88,53%, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96,84% нь 600-аас доош оноо авчээ. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт.
Багш болох хүсэлсонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болжээ. Анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24% нь л эрэгтэй.
Иймд багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70%, түүнээс дээш оноо авбал 100% чөлөөлнө. Мөн элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтална.
Оюутнуудын багшлах дадлагыг зөвхөн нийслэл болон тухайн сургууль байрлах газруудад хийх нь ачааллыг ихэсгэж, чанарыг бууруулдаг. Тиймээс багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа.
2012-2013 оны хичээлийн жилд багш бэлтгэдэг төрийн өмчийн голгурван сургуульд 2550 орчим оюутан элсэн суралцжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн 12 салбар сургуульд 40 мэргэжлээр, Ховд их сургуульд 18 мэргэжлээр, Дорнод дээд сургуульд 7 мэргэжлээр багш бэлтгэж байна.
Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг "Чингис бонд"-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Бодлогын зөвлөлөөс Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхийг зөвлөсөн төслүүдийн дотор дээрх төсөл багтсан юм. Угсармал хавтгаалжин барилгын үйлдвэрийн энэ төсөл жилд нэг ээлжиндээ 5000 айлын орон сууц угсрах хүчин чадалтай, 2500 ажлын байр шинээр бий болгох боломжтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 40 сая ам.доллар, үүнээс 14 сая ам.долларыг бондоос санхүүжүүлэх юм.
Тус үйлдвэр жилдээ 30 000 м3 төмөр болон цул бетон эдлэл үйлдвэрлэх, 2000 тонн арматурт бетон боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, 200 гаруй нэр төрлийн төмөр бетон эдлэл үйлдвэрлэж байна. Мөн 5000 тонн цементийн, 7000 м3 элс хайрганы, 6000 тонн арматурын агуулахтай, дулаалгын материалын агуулах 12 салаа төмөр замтай.
Байгаль экологид хоргүй материал ашигладаг, эдийн засагт хэмнэлттэй, богино хугацаанд хурдан, чанартай, олон тооны барилга барих боломжтой тус комбинатын үйлдвэрлэлдээ ашиглаж буй хананы хавтан барилгын өртгийг бууруулахад чухал үүрэгтэй. Үүнээс гадна нэгж талбайн даах ачаалал хамгийн өндөр, барилгын хана хоорондох урт зайг тулгуургүй барьснаар ашигтай талбайг нэмэгдүүлэх боломжтой, хана тааз нь гөлгөр гадаргуутай учраас шууд будаж болох зэрэг олон давуу талтай. Мөн галд онцгой тэсвэртэй, газар хөдлөлтийн 8-9 баллыг даах чадалтай учраас аюулын эрсдлийг ихээхэн бууруулдаг байна.
Товчхон:
- Сумдын хөгжлийн загвар боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатараар ахлуулан байгууллаа. Сумдыг таван ангилалд хувааж нийгмийн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрийн барилга байгууламжийн нэг маягийн загвар зураг, төсөв боловсруулж, саналаа энэ оны 6 дугаар сарын 17-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт далгалаа.
- Дипломат албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Перу болон Кувейт улсуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих эрх нээгдэж байна. Одоогийн байдлаар манай улсын дипломат, албан паспорт эзэмшигчид 17 оронд визгүй зорчиж байна.
- Түлш, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 2013-2014 оны нүүрсний аюулгүйн нөөц, өвөлжилтийн бэлтгэл хангахад чиглэсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
- Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын үндэсний хороо байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хороо залуучуудын хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй ажиллах юм.
- Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ариунсанг томиллоо. Б.Ариунсан нь Улсын халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Мөн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.