ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг бүсийн аваргын төлөө “Хасу Мегастарс” багтай цувралын шийдвэрлэх гурав дахь тоглолтонд хожил байгуулснаар аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Хоёр багийн тоглолт өмнөх тоглолтуудын адил тоглолтын эхнээс ширүүн тэмцэл дор өрнөж онооны тэргүүлэгч ээлж дарааллан солигдож байлаа. “Мегастар” багаас Золжаргал, Алтаншагай, Тулга нарын ээлж дараалласан холын зайн шидэлтүүд байндаа тусч, Улаанхүү, Гүнсэнхорол, Цэрэнбат нарын самбар доор идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан байсан бол “Буянт-Ухаа” багаас Тэмүүлэнгийн дундын зайн шидэлтүүд, төвийн тоглогчид Хонгорзул, Идэр-Ууган нарын хослол амжилттай байлаа. дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдөн оноо ойрхон байх үед “Буянт-Ухаа” багийн тоглогч Нямдаваагийн холын зайн дараалласан шидэлтүүд амжилттай болж цаг дуусахад таван минут орчим дутуу байхад багтаа найман онооны давамгай байдлыг бий болгосон юм. “Хасу Мегастарс” багийнханы хувьд оноог ойртуулах гэж хэт яаран холын зайн удаа дараалласан амжилтгүй шидэлтүүдийг гүйцэтгэж байлаа. Ийнхүү ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг гурав дахь удаагаа “Спрайт супер лиг”-ийн аваргын төлөө шалгарч үлдлээ.
Зүүн бүсийн аваргын төлөөх хоёр болон гурав дахь тоглолтууд нэг, хоёрдугаар үеийн таван тоглогчид солигдож тоглон гуравдугаар үе эхлэхэд “Капитал Шонхор” багийнхан 10 гаран оноогоор тэргүүлж эхлэн дөрөвдүгээр үеийн төгсгөлд “Монторх” багийнхан оноог ойртуулж тоглолтын ялагч сүүлийн мөчид тодрох гэсэн зураглал дор явагдсан гэхэд хилсдэхгүй. “Монторх” багийнхан цувралын хоёр дахь тоглолтонд оноо дутуу явсан ч тоог ойртуулж төгсгөлийн мөчид дамжуулалтаа алдан хожил байгуулах боломжоо алдаад байсан юм. Уг тоглолт “Капитал Шонхор” багийн тоглогч Төмөр онцгой сайн байж багтаа хожил авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Шийдвэрлэх гуравдахь тоглолтонд “Капитал Шонхор” багийн тоглогчдоос Төмөрийн дундын зайн шидэлтүүд, Баянбат, Баатарсүрэн нар довтолгоонуудаа амжилттай гүйцэтгэж ялангуяа Баатарсүрэн тун жигд тоглолтыг үзүүлж “Монторх” багийн хамгаалагчдын гол зогсоох ёстой тоглогч байсан бол “Монторх” багийн Ундрах, Нямбаяр, Мөнхбилэг, Тамжид, Сайнтөр гэсэн төвийн нуруулаг тоглогчид самбар доор илүүрхэж, Батзолбоогийн идэвхтэй тоглолт үргэлжилж хоёр багийн оноо үндсэн цагт 75:75-ын харьцаатай өндөрлөсөн. 23 секунд дутуу байхад “Капитал Шонхор” багийнхан довтолгоог гүйцэтгэсэн ба цаг дуусахтай зэрэгцэн довтолсон Баатарсүрэнгийн довтолгоог Нямбаяр амжилттай хаалт тавин зогсоон багтаа нэмэлт цагт сунган тоглох боломжийг олгосон. Улмаар нэмэлт цагт мөн л төвийн тоглогчидын сайн тоглолт, эгзэгтэй мөчид довтолсон Нямбаярын гурван удаагийн дундын зайн амжилттай довтолгоо, бусад тоглогчдын идэвхтэй хамгаалалт амжилттай болж Капитал Шонхор багийг буулган авч Зүүн бүсийн аваргаар шалгарч улмаар Спрайт супер лигийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.
Харин Үндэсний сагсан бөмбөгийн “Супер лиг”-ийн тэмцээний плей-оффын тоглолтууд тавдугаар сарын 22-нд эхэлнэ. Одоогийн байдлаар “Супер лиг”-ийн зарим тоглогчид Зүүн Азийн аварга аварга шалгаруулах III тэмцээнд оролцож байна. Тамирчдыг тэмцээнээс ирмэгц “Супер лиг”-ийн тэмцээн үргэлжлэн явагдана гэж Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.
Сагсан бөмбөг сонирхогч та бүхэн “Спрайт лиг”-ийн талаарх мэдээллийг фэйсбүүкийн https://www.facebook.com/spriteleague хуудаснаас авах боломжтой.