Хүүгийн гэр бүлээс мэдээлэв хийв

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

Хүүгийн гэр бүлээс мэдээлэв хийв

Энэ сарын аравны өдөр БЗД-ийн 11 хороонд төрсөн эцэг нь таван настай хүүгийн биед мэс хүргэсэн ноцтой хэрэг гарсан билээ. Харин энэхүү хэргийг тухайн үед хүүд түргэн тусламжийн арга хэмжээ авсан Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч П.Батсүх олон нийтэд ил болгосон. Гэсэн ч саатуулагдаж байсан хүүгийн эцэг суллагдаж дахин гэр бүлийнхэнийгээ хүчирхийлсэн байна. Мөн энэ хугацаанд зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч, хүүгийн нэр дээр хандивын данс нээн луйвар хийх гэх мэт олон сөрөг зүйл гарчээ. Тиймээс өнөөдөр хүүгийн ээж, “Лантуун дохио” ТББ-ийн хамт олон хамтран олон нийтэд болсон хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд хэвлэлийнхэнд хандлаа. Энэ сарын 13-нд “Лантуун дохио ТББ, П.Батсүх эмч болон бусад сайн санаатай хүмүүс хүүгийн ар гэрийг эргэхээр очиход хүүгийн эцэг “Яасан их цагдаа дууддаг юм” хэмээн гэр бүлийнхэнийгээ дарамталсаныг олж мэджээ. Энэ үед хүүгийн ээж О.Болормаа тэднээс өөрсдийг нь хамгаалалтанд авч, эмчлүүлж өгөхийг, мөн олон нийтэд мэдээлэл өгөхгүй байхыг гуйжээ. Гэтэл Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисс болон албаны хүмүүс “Хохирогч хүүг сувилалд хэвтүүлсэн”, “Тэднийг хамгаалалтад авсан” зэрэг өөрсдийн хийгээгүй ажлаа хийсэн болгож ярьжээ. Тиймээс өнөөдрийн мэдээллээрээ тэд нийгэмд үүссэн буруу ойлголтыг залруулахыг хүсчээ.

Хүүгийн ээж О.Болормаа нь өөрийн нөхөртэйгээ найман жил өмнө суусан бөгөөд түүний хэлж байгаагаар хэрцгий догшин авир гаргаж, гэр бүлийнхнээ хүчирхийлэх нь хоёр жил гаруйн өмнөөс эрс ихэсчээ. Түүний нөхөр бага охиноо хоёр нас, найман сартайд нь тогоо руу шидсэнээс болж одоо нэг нүд нь долир болсон аж. Мөн архи уух болгондоо “Та нарыг бүгдийг чинь ална”, “Чамайг салах юм бол хаа байгаа газар чинь очиж хорооно”, “Надад цагдаад танил бий” гэх зэргээр байнга дарамталдаг байсан байна. Тэрээр олон жилийн туршид нөхрийнхөө зүй бус үйлдлийг тэвчин нууж байсныхаа төлөө үр хүүхдээ ийм байдалд хүргэчихлээ хэмээн ярьж байсан юм. Одоогийн байдлаар “Лантуун дохио” ТББ хүүгийн ар гэрийнхэнийг хамгаалалтанд авч, эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүгийн бие сайжирч байгаа гэнэ. Мөн гэр бүлээ олон жил хүчирхийлсэн этгээдэд хуулийн байгууллагаар тохирсон ял шийтгэлийг нь өгүүлэхийн тулд тэмцэнэ гэдгээ хэлж байлаа. Түүнд эрүүгийн хуулийн 181,3-аар таван жилийн ял өгөх боломжтой ч байнга тарчлаан зовоосон гэдэг үндэслэлээр нэмж хоёр жилийн ял өгөх боломтой ажээ. Үүнээс гадна тус байгууллагаас “Хүүхдэд ээлтэй хөрш” төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд үүгээрээ хүүхдийг хүчирхийлсэн үйлдлийг “надад хамаагүй” гэдэг ойлголтоор хараагүй юм шиг өнгөрдөг үйлдлийг зогсоож, иргэдийн ухамсарыг өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж