Хятад, Японы цахим зах зээл нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Хятад, Японы цахим зах зээл нэгдлээ

Хятадын хамгийн том жижиглэнгийн худалдааны онлайн сайт “Taobao” Японы “Yahoo Japan!” хамтран Азийн цахим хэрэглэгчдэд зориулан онлайн худалдааны нэгдсэн сайт ажиллуулж эхлүүллээ. Ингэснээр “Taobao”-гийн онлайн дэлгүүрүүд “Yahoo Japan”-ын “China Mall” үйлчилгээгээр дамжин бүтээгдэхүүнүүдээ зарах боломжтой болж байна. Энэ сайт нь хэрэглэгчдийнхээ тоо, бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр АНУ-ын “eBay”-гээс давж гарах болно гэж үзэж байгаа юм. АНУ-ын “eBay” одоогоор 90 сая хэрэглэгчтэй бөгөөд өнгөрсөн жил 60 тэрбум ам.долларын арилжаа хийсэн бол Хятад-Японы хамтарсан онлайн дэлгүүр 250 сая орчим хэрэглэгчтэй байх бөгөөд 450 сая орчим бараа бүтээгдэхүүн арилжаалах болно гэж тооцоолж байна. “Энэ бол дэлхийн хамгийн том цахим зах зээлийн эхлэл болж байна” гэж “Softbank” компанийн хувь нийлүүлсэн “Yahoo Japan” компанийн гүйцэтгэх захирал Масояши Сон ярьж байна.

Шинэ үйлчилгээг ашигласнаар хоёр улсын хэрэглэгчид өөрсдийн төрөлх хэл дээр, өөрсдийн хэрэглэж сурсан системийг ашиглан нөгөө орны хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ зарах боломжтой болж байгаа юм. “Taobao” нь Хятадын цахим худалдааны тэргүүлэгч компани “Alibaba Group”-ын нэг салбар юм. “Softbank”, “Yahoo” компаниуд хоёулаа “Taobao” компанид хувь эзэмшдэг.

Өнгөрсөн сард бөөний худалдааны “Alibaba.com” вэбсайт “AliExpress” хэмээх шинэ платформ эхлүүлсэн бөгөөд энэ үйлчилгээг ашиглан АНУ-ын хэрэглэгчид “PayPal” төлбөрийн үйлчилгээг ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болсон. 400 орчим сая интернет хэрэглэгчтэй гэсэн үзүүлэлтээр Хятад дэлхийн хамгийн том цахим зах зээл гэж тооцогддог бөгөөд  сүүлийн жилүүдэд тус улсад онлайн худалдаа улам бүр өргөжиж байгаа юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж