Чингис бондоос 347 сая ам.доллар үлджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Чингис бондоос 347 сая ам.доллар үлджээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжиллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгдсэн хуралдаанд Чингис бондын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2012 оны  52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр арилжиж, үнэт цаас борлуулсны орлого нь 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын дансанд орсон билээ.

Ерөнхий сайдын мэдээлснээр бондын мөнгөөр хэд хэдэн төслийг санхүүжүүлэхээр болоод байгаа юм байна. Үүний нэг нь “Гудамж” төсөл. Энэхүү төсөл нь нийслэлийн иргэдийн ая тухтай байдлыг  хангах, орчныг сайжруулах, агаарын болон хөрсний бохирдлыг сайжруулах, замын түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд 200 сая ам.доллар хүртлэх хөрөнгийг зарцуулахаар төсөвлөжээ.Төслийг хэрэгжүүлснээр гэр хороололд дахин төлөвлөлт хийж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, дэд бүтцийг сайжруулах юм байна. Мөн “Гудамж” төслийн хүрээнд Туул, Сэлбэ голын дагуу хурдны замыг байгуулах зэрэг ажлууд багтжээ. 

Чингис бондоос санхүүжүүлэх өөр нэг төсөл нь “Шинэ төмөр зам” төсөл. Энэ төслийг 2010 оны  “Төрөөс төмөр замын бодлогыг дэмжих” тогтоолын төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Тавантолгойгоос Сайншанд зэрэг урагш чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэхээр 200 хүртлэх сая ам.долларын санхүүжилтийг бондоос гаргахаар болжээ. Энэхүү төсөл нь 1,5 тэрбум ам.долларын урьдчилсан өртөгтэй бөгөөд эхний шатны санхүүжилтийг ийн шийдвэрлэхээр болжээ. Чингис бондоос санхүүжүүлэх дараагийн төсөл нь Авто азмын төсөл  буюу аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох төсөл юм. Энэ төслийн хүрээнд 2013 онд зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох авто замыг тавих аж. 2013-2016 оны  хооронд нийт 12 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөжээ.  Үүнд 570 тэрбум төгрөгийг автозамын ажилд зарцуулахаар тооцолсон байна. Нийт 1800 орчим км замыг тавихаар төлөвлөсөн гэж Ерөнхий сайд мэдээллээ.

Түүнчлэн авто зам, цахилгаан станц, нийслэлийн зам, гүүр гэсэн хэдэн төсөлд бондын санхүүжилтийг зарцуулахаар төлөвлөж буй. Энэ жил дотоодын үйлдвэрийг дэмжих зорилгоор ноос, ноолуурын салбарыг хөгжүүлж, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхээр 68,8 сая ам.доллар гаргах аж.

Монгол Улсад экспортын чиглэлээр гарч байгаа чухал бүтээгдэхүүний нэг нь ноолуур юм. Тиймээс энэхүү салбарыг дэмжих, техник, технологийн шинэчлэлд зориулж, ноос, ноолуурын холбоотой хамтарч ажилласнаар үйлдвэр, үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.  Мөн үүнтэй холбогдуулан Монгол  ноосон даавуу төслийг хэрэгжүүлэх юм байна. Энэ нь монгол даавуу гаргаж, оёмол үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, үүнийг дагаж ажлын байр бий болгох  давуу талтайг Ерөнхий сайд онцоллоо. “Монгол ноосон даавуу”, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” гэсэн төсөл хэрэгжүүлж, оёдлын салбараа хөгжүүлснээр бүх төрлийн дүрэмт хувцас, ажлын хувцас үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг хангах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой хэмээн төлөвлөж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлэх зорилт тавьж, Улаанбаатар хот орчимд 15 ферм, олон улсын стандартад нийцсэн үйлдвэр байгуулах асуудал мөн бондын санхүүжилтэд багтаж буй. Үүнд, Чингис бондын хөрөнгөөс 27,7 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэжээ. Мөн төрөл бүрийн нарийн ногоог зах зээлд тогтмол нийлүүлэх зорилгоор өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжинэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. 

Өмнөх УИХ-ын үед яригдаж байсан “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээ” төслийг нягталж үзээд, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх болоод нийслэлийн орон сууцны барилгуудыг барихад дэмжлэг үзүүлж, дэд бүтцэд хөрөнгө оруулах ажил эхэлж байгааг өнөөдөр танилцууллаа. Энэ төсөлд шаардагдах 200 орчим тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүлэх аж. Эхний ээлжинд 80 орчим тэрбум төгрөг нь дахин төлөвлөлтөд зарцуулагдах юм байна.

Энэ мэт олон төслүүд байгааг Ерөнхий сайд өнөөдөр танилцуулсан бөгөөд “Ингээд чингис бондын мөнгөнөөс 347 сая ам.доллар үлдэж байгаа. Үүнийг зарцуулах төслийг ямар зориулалттайг нь тодорхой болгоогүй байгаа ч хүлээгдэж байгаа олон төсөл бий” гэлээ. Ялангуяа үйлдвэржилт буюу төмөр, арматур зэрэг гадаадаас оруулж ирж буй бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх төслүүдэд санхүүжүүлт хийх зүйтэй гэсэн санал гарч буйг тэрээр мөн онцлов.

Үүний дараа МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдын урьдчилан өгсөн мэдээллийн дагуу  дүгнэлт хийснээ танилцуулсан юм.

МАН-ын бүлэг Засгийн газрын Олон Улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан “Чингис” бондын үйл ажиллагаатай холбоотойгоор одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, бондын хөрөнгийг хэрхэн байршуулсан, ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг холбогдох баримт материалд үндэслэн судалж, дүгнэлт гаргаснаа танилцуулав. МАН-ын бүлгийн зүгээс өмнө нь Ерөнхий сайдад албан ёсны хүсэлт гаргасан бөгөөд үүнийх нь хариуг Засгийн газраас цаасаар хүргүүлсэн юм байна. МАН-ын бүлгийн санхүүжилтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Тэрээр “Чингис бондын 500 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, таван жилийн хугацаатай бондыг жилийн 4,125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 10 жилийн хугацаатай бондыг 5,125 хувийн хүүтэй. Хүүг хагас жил тутамд нэг удаа төлөх бөгөөд эцсийн төлөлт 500  сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр, нэг тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тус тус хийгдэхээр байна.  Эхний таван жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар, 2013 оны зургадугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.доллар төлөхөөр байна. Засгийн газрын “Чингис” бонд түүний байршуулалт, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалт, МАН-ын бүлэгт гаргаж өгсөн баримт материалын хүрээнд нягтлан үзээд дүгнэлт гаргасан” гэлээ.

МАН-ын бүлгээс мөн “Засгийн газар бонд гаргах цаг хугацаа, бондын өрийн дарамтыг буруу тооцоолсон, “Чингис” бонд мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болгосон. Бондын эх үүсвэрээр төсвийн урсгал зардлыг нөхөж байгаа. “Чингис” бонд нь улсын төсвөөс гадуурх төсөв болон хувирсан. Бондын бодлогын зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Бонд арилжаалахад гарсан 5.4 сая ам.долларын зардлыг хууль зөрчиж санхүүжүүлсэн. Бондын эх үүсвэрээр  тооцоо судалгаа хийгдээгүй төслүүдийг санхүүжүүлж байна” гэх шүүмжлэлийг хэлж байв.
 
Түүнчлэн “Чингис” бондыг хэнд арилжаалсан, бондыг цааш нь дамжуулан арилжаалж болох эсэх, арилжаалвал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ямар хязгаарлалт, нөхцөл тавьсан зэргийг тодруулах зорилгоор албан тоот явуулсан ч Засгийн газраас тодорхой хариу өгөхгүй хугацаа алдсан гэсэн шүүмжлэлийг ч МАН-ын гишүүд шүүмжилж байлаа.

Ингээд тодорхой хугацаанд асуулт, хариулт үргэлжилснээр Засгийн газрын мэдээллийн цаг дуусч, өнөөдрийн чуулган өндөрлөв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж