Монголын баг энэ удаа хэсгээсээ шалгарч, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө зорилгоо тодорхойлон Инчеоныг зориод байна. Зүүн азийн бүсээс шалгарсан дөрвөн баг тивийн аваргад өрсөлдөх эрхтэй болох юм. Баг тамирчды Гуулин улсыг зорихоос нь өмнө уулзсан ярилцлагыг хүргэж байна.
Бид ганц л зорилготой байгаа
-Баг тамирчдын бэлтгэл сургуулилт хэр байна вэ. Холбооны зүгээс тамирчдын бэлтгэлд хэр анхаарал хандуулсан бэ?
-Монголын шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хэр үр дүнтэй болсон бэ гэдэг нь энэ тэмцээнээс харагдах ёстой. Тамирчид маань хоёрдугаар сараас эхлээд бэлтгэлдээ гарсан. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэлээд ач холбогдол холбогдол өгч байна. Энэ жилийн бэлтгэл өмнөхөөсөө онцлогтой болсон. АНУ-аас дасгалжуулагч урьсан. Мөн тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголын лигт тоглож байгаа легионер тамирчдыг бэлтгэлд оролцуулсан байгаа. Дээрээс нь БНАСАУ-ын Армийн шигшээ багийг эх орондоо урьж долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолт хийлээ. Тийм болохоор энэ удаагийн Зүүн Азийн аваргаас арай л өөр төвшний үр дүн харж байгаа.
-Баг тамирчид нас нэлээд залуужсан харагдлаа. Дундаж нас, мөн нурууны өндөр хэд вэ?
-Манай багийн дундаж нас 23 байгаа. Ер нь бол залуужсан шүү. Дараагийн үеийн тамирчдыг бэлтгэх зорилгоор 18-21 насны залуучуудыг багийн бүрэлдэхүүнд багтаасан. Дундаж өндөр нь 192 см. Ер нь бол харьцангуй өндөр л дөө.
-Багийн спортод зардал мөнгөний асуудал хэцүү байдаг. Үүнийг яаж шийдэв?
-Мэдээж хүндрэл гардаг. Яг дэлхийн стандартаар бол эмч, сэтгэлзүйчээс эхлээд нэг баг 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй болдог. Манай багийн хувьд гурван дасгалжуулагчтай явж байна. Сагсан бөмбөгт элэгтэй байгууллагууд манай багийнхны зардлыг ивээн тэтгэсэн байгаа. Тухайлбал Н.Батаа захиралтай “Стандарт”, З.Болорсайхан захиралтай “Вит а фит” групп, Ж.Чинзориг захиралтай “Милл хаус” зэрэг байгууллагууд маш их тусалсан. Биднийг дэмжсэн. Энэ дашрамд эдгээр компанийн хамт олонд талархал илэрхийлье.
-Зорилго бол тодорхой биз?
-Тэгэлгүй яах вэ. Ялахын төлөө л тоглоно. Ялангуяа Хонконгийн шигшээ багийг хожиж, Азийн аваргад оролцох эрх авахын төлөө тоглоно. Хэрвээ нэг хожил авах юм бол Монголын сагсчид түүхэндаа анх удаа Азийн аваргад өрсөлдөх боломжтой болно. Мэдээж Азийн аваргад бүсээс шалгарсан шилдгүүд оролцоно. Энэ бол бидний цорын ганц зорилго л доо.
-Ер нь энэ жилийн хувьд манай сагсчид хэр завгүй байх бол?
-Завгүй жил байх болов уу. Зүүн Азийн бүсээс гарч чадвал тивийн аваргад өрсөлдөнө. Мөн Азийн наадамд оролцох ёстой. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид маань энэ жилээс эхлээд цалинтай болж байгаа. Өмнө нь шигшээгийнхэн тэмцээн болохын өмнөхөн нэгдсэн цугларалтад гардаг байлаа. Одоо бол байнгын бэлтгэл хийх боломжтой.
-Монголын тамирчид ямар ч тэмцээн оролцсон сэтгэлзүйн тал дээрээ дутагдалтай байдаг. Тэгвэл танай холбоо энэ тал дээр хэр анхаарсан бэ?
-Энэ жил бид мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтарч ажиллаж чадаагүй ч цаашид үүнд анхаарлаа хандуулна. Уг нь бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн сэтгэлзүйч Б.Заяа гэж бүсгүйтэй холбогдсон. Гэвч тэрээр биеийн байдлын улмаас бидэнтэй энэ жил ажиллаж чадсангүй. Цаашид хамтарч ажиллана гэдгээ хэлсэн. Одоогоор бол дасгалжуулагч нар маань өөрсдөө давхар сэтгэлзүйчээ хийгээд л явж байна даа. Ер нь бол Монголд спортын мэргэжлийн сэтгэлзүйч байдаггүй.
-Шигшээгийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг хэрхэн сонгон шалгаруулав?
-Мэдээж хамгийн түрүүнд лигт тоглож байгаа байдал, хувийн ур чадварыг нь харсан. 24 тамирчнаас сонгон шалгаруулж шигшээг бүрдүүлсэн. Дасгалжуулагч нар болон холбооны удирдах зөвлөлийн хурлаар гарсан шийдвэрийн дагуу тамирчдаа сонгосон байгаа. Энэ бол FIBA-д байдаг дүрэм л дээ.
Бүх зүйл тамирчдаас л шалтгаална
-Зүүн Азийн аваргад нэлээд том зорилт тавьж оролцож байгаа юм байна. Бэлэн үү?
-Тийм ээ. Том зорилго тавьж байж бид амжилт гаргах учиртай. Манай тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход бэлэн болсон. Эхний тоглолтоо маргааш хийнэ.
-Сагсчид сэтгэлзүйн тал дээр хэр бэлтгэлтэй байна вэ?
-Гайгүй байгаа шүү. Монголын баг хэр амжилт үзүүлэх нь зөвхөн сагсчидаас л хамаарна. Миний болон дасгалжуулагч нарын зүгээс мэдээж мэддэг, чаддаг боломжтой бүхнээ л зөвлөнө. Гэхдээ эцсийн амжилт тамирчидтай шууд холбоотой. Тэд ур чадвар, өөрсдийнхөө тоглолтыг гаргаж чадвал манайхан хэнийг ч хожих боломжтой.
-Өрсөлдөгч нараа хэр судлав?
-Ер нь боломжийн хэмжээнд судалсан гэж бодож байгаа. Бид орой бүр бичлэг үзэж гол багуудынхаа арга барилыг судалж, түүнд нь зориулсан тактик боловсруулж байлаа. Үүнийгээ Инчёоны талбайд ч гэсэн хэрэгжүүлнэ.
-Ардчилсан Солонгосын багтай тоглож байхыг харахад хамгаалалт дээр нэлээд их алдаа гаргасан. Энэ тал дээр ямар дүгнэлт хийсэн бэ?
-Тийм ээ. Нөхөрсөг тоглолтын дараа бичлэгээ эргээд харахад хамгаалалт сул байгаа нь харагдсан. Гэхдээ түүнийгээ зассан болохоор Зүүн Азийн аваргад гайгүй болов уу. Нурууны хувьд бусад багаасаа нэг их дутахааргүй юм билээ. Тэгэхээр бид юу чаддагаа л харуулах болно. Хэрвээ хэсгээсээ гарвал Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоно гэсэн бодол л толгой эргэлдэж байна. Үүний төлөө л зүтгэнэ дээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин