Сэтгэлгээ, тогтолцоо хоёрыг өөрчлөх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Сэтгэлгээ, тогтолцоо хоёрыг өөрчлөх хэрэгтэй

Монголчууд байнга ярьдаг хэдэн топ сэдэвтэй. Үе үеийн Засгийн газар ярьж л байдаг. Гэхдээ хийсэн ажил, бодитой үр дүн мэдрэгддэггүй салбар байдаг нь жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/. Уг нь манай орны хувьд үйлдвэрлэлийн тулгуур болох түүхий эд нь хангалттай байдаг. Ард иргэд нь үйлдвэрлэгч болохыг зорьдог. Төр, засаг нь ч жил болгон ЖДҮ-ийг дэмжих нэрээр нэлээд төгрөг зарцуулдаг. Гэхдээ яагаад манай үйлдвэрлэлийн салбар бодитой хөгжихгүй байна вэ.
 

Түүхийн алдаа

Монголчууд үйлдвэржэлтийг хөгжүүлдэг каптализм хэмээх нийгмийг “морьтойгоо харайгаад” гарчихсан гэмтэй. Тэр ч утгаараа үйлдвэржих талаар нүүдэлчин монголчууд хомсхон мэдлэгтэй. Социалист нийгмийн үед арьс ширний, гутлын, хивсний, хүнсний гээд олон үйлдвэр байсан. Гэтэл тухайн нийгэмд үйлдвэржилтийг хөгжүүлдэг хамгийн гол хүчин зүйл болох эрэлтэд тулгуурласан маркетинг гэж огт байгаагүй гэж хэлж болох байх. Дэлгүүрийн лангуун дээр нэг л төрлийн бараа. Нийтээрээ тэр л зүйлийг өмсдөг байсан үе. Тийм болохоор тэнд өрсөлдөгч гэж байгаагүй. ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Бидний олж харснаар дэмжигч, дэмжүүлэгч этгээдийн хооронд ямар ч уялдаа холбоо алга. Төрөөс 30 турбумыг ЖДҮ –ийг хөгжүүлэхэд зарцуулна. Иргэд ямар нэгэн үйлдвэрийн төсөл бичээд ир гэдэг. Гэтэл тэр төсөл бичээд ирсэн нөхөр нь өөрөө төслөө бичээгүй. Мөн үйлдвэрлэлийн талаар ямар ч мэдлэггүй байдаг. ЖДҮ гэхээр хэдэн хүүхэн нийлж суугаад гараараа юм нэхэх гэж ойлгоод байдаг. Энэ нь бидний түүх, сэтгэлгээтэй холбоотой. Тиймээс энэ сэтгэлгээг халах хэрэгтэй. Тэгэхгүй бол ЖДҮ хөгжихгүй” гэв.
 

Томоо дагаж жижиг нь хөгждөг

Гаднын орны туршлагаас хуваалцъя л даа. Тухайлбал, үйлдвэрлэл өндөр хөгжсөн Японы туршлагаас харахад тус улсын төр нь үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Тоёото” кропорацийг ихэд дэмждэг аж. Гэхдээ тухайн үйлдвэрийг нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ 20-30 хувийг импортоор авах болон өөрсдөө үйлдвэрлэхийг хориглодог байна. Харин дотоодын ЖДҮ-ээс авах учиртай. Харин дотоодын ямар үйлдвэрлэгчээс 20-30 хувийн бүтээгдэхүүнийг авах нь “Тоёото” компанийн эрх. Энэ зарчим манайд алга. Тиймээс Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдэд яагаад энэ зарчмыг мөрдүүлж болохгүй гэж. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Гадаадын томоохон үйлдвэрлэгчид бүгдийг өөрсдөө хийдэггүй. Тухайлбал,"Hyundai" корпораци өөрсдөө бүх үйлдвэрлэлээ хийдэггүй. Бусад жижиг компаниудад эрэг боолт,эд анги зэргээ захиалан хийлгэдэг. Энэ тогтолцоог л бид нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэв. Ямартай ч Хөдөлмөрийн сайд энэ талаар дуугарч байна. Тиймээс тус салбар зөв голидорлоор хөгжиж магадгүй. Гэхдээ өнөөгийн төр ЖДҮ-ийг дэмжих нэрээр томоохон үйлдэврэлэгчдээ шахаад байгаа юм биш биз. “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Үйлдвэрлэгчдээ том жижиг, манайх танайх гээд ялгаад байдаг. Угаасаа том үйлдвэрлэлийг дагаж ЖДҮ хөгждөг. Харин ЖДҮ-ийг дагаж өрхийн үйлдвэрлэл хөгждөг. Хэчнээн зээл өгөөд өгөөд энэ үйл явц байхгүй бол ЖДҮ хөгжихгүй. Гол нь тогтолцоо нь зөв байх хэрэгтэй. Гэтэл томоохон үйлдвэрлэгчдийг тоохгүй, ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна” гэсэн юм.
 

ЖДҮ жижиг асуудал биш

АНУ, Герман, Япон зэрэг орны эдийн засгийн 50-иас доошгүй хувийг ЖДҮ бүрдүүлдэг байна. Тухайлбал, АНУ-д шинээр бий болж буй гурван ажлын байрны хоёр нь ЖДҮ-ээс бий болдог гэсэн судалгаа байдаг аж. Харин Японы нийт ажиллагсдын 80 хувь нь тус салбарт ажилладаг байна. Япон улс төрийн бодлогоор энэ салбараа дэмждэг. Яг л монголчууд шиг хөнгөлөлттэй зээл олгодог аж. Бүр 1948 онд анх Жижиг, дунд бизнесийг удирдах газар гэгчийг байгуулж энэ төрлийн зээл олгож эхэлжээ. Гэхдээ зээл олгоход учир бий. Төсөл бариад ирсэн болгонд зээл олгодоггүй. Эхлээд иргэдийнхээ энэ төрлийн мэдлэгийг сайжруулахад ихээхэн анхаардаг. Тухайлбал, томоохон хотуудад ЖДҮ эрхэлдэг бизнесмэнийг дэмжих 330 гаруй төв байдаг аж. Эдгээр төв нь таныг бүх төрлийн мэдээллээр хангана. Харин манайд энэ төрлийн төв бараг байхгүй гэхэд хилсдэхгүй.
 
Мэдээлэлтэй болсон иргэдэд мэдээж өндөр шаардлага тавина. Адаглаад өөрөө бизнес санаагаа олж, төслөө бичсэн байх хэрэгтэй. Цаашлаад ойрын болон хэтийн бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа хийсэн байхыг шаарддаг байна. Ингээд ирэхээр  ЖДҮ гэдгийг хэдэн хүүхэн нийлж суугаад гараараа юм нэхэх гэж ойлгодог сэтгэлгээ халагдах учиртай.

Төрөөс тавьсан олон төрлийн шаардлагыг тухайн бизнесмэн хангаж чадвал татварын бодлогоор дэмжиж өгдөг байна. Үйлдвэрлэл явуулж эхэлсэн жижиг, дунд бизнес эрхлэгч дээр дурдсан томоохон корпорациас зарласан тендерт өрсөлддөг. Энэ манайхны хүсээд байдаг ЖДҮ эрхлэгч дотоодын зах зээлд өрсөлдөх боломжийг бий болгодог байна. Харин үндэсний томоохон үйлдвэрлэгч нь дэлхийн зах зээлд гарч өрсөлддөг. Ийм л зарчмаар өндөр хөгжилтэй орнууд эдийн засгаа тэтэгдэг байна. Тиймээс монголчууд амаа чилтэл ярьдаг ЖДҮ-ийг хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, үндэсний брэндийг бий болгох, дэлхийн зах зээлд өрсөлдөх гээд олон асуудлыг бэлэн гаднын туршлагад тулгуурлаад, өөрийн оронд нутагшуулж шийдэж яагаад болохгүй гэж.
 

Э.ЗОРИГТ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж