Монголд хүүхдийн уран бүтээл туурвидаг Улсын хүүхэлдэйн театраас өөр мэргэжлийн байгууллага гэж үгүй. Балчир үрсийн хүмүүжил, төлөвшил, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх чиглэлд дутагдаж буй орон зайг бага ч болов дүүргэхээр “Шидэт торх” нэртэй шинэ продакшн нээгдлээ. Тус продакшн нь тун удахгүй анхны уран бүтээл болох “Шидэт торхны бэлэг” тоглолтоо хүүхдийн баяраар үзэгчдийн хүртээл болгох бөгөөд үлгэрийн баатруудад хувирсан чадварлаг залуу жүжигчид болон өхөөрдмөөр хөөрхөн хүүхэлдэйнүүд, үзэсгэлэнт бяцхан сахиусан тэнгэрүүд та бүхэнд мэндчилэх нь ээ.
Тэдний “Шидэт торхны бэлэг” нэртэй анхны тоглолт МҮЭСТО-нд энэ сарын 25-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл өдөр бүр 15.00 цагт тоглох аж. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд үзсэн хүүхэд бүр бэлэгтэй харина гэсэн шүү.
Г.ДАША