Тайзнаа 50 жил эгшиглэсэн “Евгений Онегин”

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Тайзнаа 50 жил эгшиглэсэн “Евгений Онегин”

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ой өчигдөр тохиож, театрын хамт олон тайзны 1963 оны тавдугаар сарын 15-нд хөшгийг анх нээсэн П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг эгшиглүүллээ. Тухайн үед уг дуурийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун дохин, найруулагчаар нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Лхасvрэн нар ажиллаж басйан ба анхны Онегинд Гавьяат жүжигчин Ж.Дамиран, Ленскийд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Татъянад Ардын жүжигчин А.Загдсүрэн нар монгол хэл дээр дуулж байсан гэдэг. Түүнээс хойш 1981 онд ОХУ-ын Ардын жүжигчин Р.Тихомиров шинэчлэн найруулснаар уг дуурийг төрөлх хэл дээр нь буюу оросоор дуулах болсон бөгөөд театрын тайзан дээр өнөөдрийг хүртэл орос хэлээр дуулж байгаа цорын ганц дуурь юм.

Өчигдөр 50 жилийн ойн тоглолтын “Евгений Онегин” дуурийг  ДБЭТ-ын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх дохин Онегинд гоцлол дуучин Э.Анхбаяр, Татьяанад сопрано Б.Эрдэнэтуяа, Ленскийд гоцлол дуучин Г.Шижирболд, Ольгад мецо сопрано Ц.Ариунаа,  генерал Греминд Сербийн дуурийн гоцлол дуучин дуулсан юм.

Хөгжмийн агуу зохиолч П.И.Чайковскийг энэ дууриараа дамжуулан  А.С.Пушкины туужийн баатруудыг хөгжмийн хэлээр тайзнаа амилуулсан хэмээн урлаг шүүмжлэгчид үнэлдэг юм.

Дуурьт тухайн үеийн Оросын тосгоны эгэл жирийн амьдрал, зочлох, хүндлэх, дайлах ёсон, үндэсний бахархал болсон бүжиг, наадмыг харж болохоос гадна эрчүүдийн халз тулаант буудлага, дээдсийн амьдрал, ордны цэнгүүн гээд тухайн нийгмийн давхарга бүрийн хүмүүстэй нүүр тулна. Гурван бүлэг долоон үзэгдэлтэй тус дуурь чамгүй томоохон бүтээлүүдийн нэг  хэдий ч үзэгчид дуурийн үйл явдалд  хөтлөгдсөөр нэг л мэдэхэд гурван цагийг ардаа орхисон байдаг билээ.

Энэ удаагийн дуурийн онцлох эрхэм бол гадны зочин дуулаач байсан.  Түүний баргил хоолойгоор хүнгэнүүлэн дуулсан ари нь энэ үдшийг тоглолтын чимэг байлаа. Мөн тоглолтын турш үзэгчдийг уярааж чадсан Б.Эрдэнэтуяаг онцлон “браво” хэмээн ахин дахин түүний төлөө алга ташмаар байна. Одоо ч чихнээ түүний гайхалтай гоцлол, хоршлууд сонсогдсоор.

Хагас зууны түүхт театрын анхны бүтээл “Евгений Онегин”-г өнөөдрийг хүртэл 50 жилийн турш эгшиглүүлсээр байгаад ДБЭТ-ын нийт уран бүтээлч, “ягаанхан”  театрын хамт олондоо баярын мэнд хүргэе.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж