“Хөх тэнгэрийн орноор” орон нутагт аялж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

“Хөх тэнгэрийн орноор” орон нутагт аялж байна

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Монгол орны 21 аймгаар тойрон аялсан гайхамшигт байгаль, аж амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнгөрсөн онд Улаанбаатар хотноо нээн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэрээр энэ удаад орон нутгийн үзэгчдэд гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэн сонирхуулж байгаа юм. Энэ сарын 13-нд Хэнтий аймгаас гараагаа эхэлсэн түүний үзэсгэлэн одоо Дорнод аймагт буудаллаад байгаа юм.

Тэрбээр 2011 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулсан аяллаа ийнхүү гэрэл зурагт буулган хуанли хүртэл хэвлүүлсэн юм.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь энэхүү үзэсгэлэндээ Монголын байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгасан бүтээлүүдээсээ түүвэрлэн, 160 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулж байгаа ажээ. “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн энэ сарын 20-21-нд Сүхбаатар аймгийн Баруун уртад, 23-24-нд Говьсүмбэр аймгийн Чойрт тус тус үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж