Швейцарийн Женев хотноо эхэлсэн эмэгтэйчүүдийн “Том цом”-ын тэмцээн өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсаас их мастер Т.Батчимэг оролцсон юм. Түүний хувьд нийт 11 өрөг тоглохдоо нэг хожиж, тав тэнцэн, тав хожигдсон амжилттай тэмцээнээ дуусгаж байна. Нэг хожихдоо өнөө цагийн тэргүүн шатарчдын нэг дэлхийн аварга Хоу Ифанийг буулган авч багагүй шуугиан тарьсан. Тэрээр хамгийн сүүлийн өрөгтөө Украйны их мастер Катерина Лагнотой тоглож тэнцсэн байна. Ингэснээр 11 өргөөс 3.5 оноо авчээ. Женевт болсон цувралд Гүржийн шатарчин, олон улсын мастер Бела Котанашвили найман оноогоор түрүүлж, Словенийн их мастер Анна Музечук, Оросын их мастер Татъяна Косинцева нар удааллаа. Залуу дэлхийн аварга Хоу Ифань уг тэмцээнийг гурван хожил, дөрвөн хожигдол, дөрвөн тэнцээтэйгээр дуусгасан нь нэлээд тааруу үзүүлэлт болов. Сонирхуулахад, их мастер Т.Батчимэг тус тэмцээний хамгийн бага чансаатай шатарчин байсан бөгөөд “Том цом”-д анх удаа оролцож байгаа юм.
Т.МАША