![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/18b5fb38eb83e3ed/e52ca6ce03e3aa36original.jpg)
Төсвийн хүрээний мэдэгдэлд улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон жин дарсаар ирсэн нүүрс, зэс, алт, жонш зэрэг эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн тэнцвэржүүлэх зарчмаар тооцсон болохыг Сангийн сайд Ч.Улаан онцолж байв. Тухайлбал, 2014 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг нэг тонныг 6424 ам.доллар, боловсруулсан нүүрсийг 120 ам.доллар, коксжсон нүүрсийг 73 ам.доллараар тус бүр тооцжээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд Засгийн газар нь Монголбанктай хамтран энэ онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2.1 их наяд төгрөгийг 2013 оны төсөвт суулгүйгээр зарцуулсан явдал нь хууль зөрчсөн. УИХ-ын хараа хяналтгүйгээр асар их мөнгийг зах зээлд гаргаж, зарцуулсан төдийгүй энэ нь эргээд ирэх жилийн төсөвт томоохон дарамт учруулах болж байгааг сануулсан юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Төсвийн алдагдал сүүлийн 13 жилд байгаагүй өндөр үзүүлэлттэй байна. ДНБ-ийн 8.4 хувьд хүрнэ гэдэг бол маш эрсдэлтэй. 2013 оны төсвийг батлахдаа эрдсийн салбарын орлогыг хэт өндөр тооцоолсноос алдагдал одоо долоон хувийг давах магадлалтай байна. Дээр нь Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан. Асар их хэмжээний зээлтэй Монгол нэг ёсны зээлээс зээлийн хооронд амьдрахаас аргагүйд хүрч, түүнээсээ болж гадаадынхны хараанд орж ирж байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр төрийн өмчит компаниуд яагаад дандаа алдагдалтай ажилладагт салбар хариуцсан сайдыг хариулт өгөхийг хүсэв. Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын тайлбараар бол Монгол Улсад төрийн өмчийн оролцоотой 70 гаруй компани бий. Тэдгээр компанийн 80 хувь нь алдагдалтай ажилладаг. Алдагдалтай ажиллаж ирсэн гол шалтгаан нь удирдлагыг улстөрийн өнцгөөр харж томилдог. Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, төмөр зам зэрэг компанид мэргэжлийн хүмүүс томилогдох ёстой байсан. Дээр нь алдаа гаргавал хариуцлага хүлээлгэх ёстой ч толгойг нь илж ирсэн зэрэг жишиг нь эргээд эцэстээ төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж, шархыг нь төсвийн мөнгөөр нөхөж ирсэн буруу жишгийг тогтоосон болохыг онцолсон юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна. Чуулганыг өндөрлүүлэхийн өмнө УИХ-ын дарга гишүүдэд хандаж баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өглөөний 09.00 цагаас эхлэхийг анхааруулав.