Эдгээр ахмадууд Богдхан уулын Богинын аманд 600 гаруй мод суулган арчилж хамгаалж цаашид цэцэрлэгт хүрээлэн болгохоор ажиллаж байж. Гэтэл тавдугаар сарын 13-ны шөнө цэцэрлэгийн моддоос 103-ыг нь үндсээр нь сугалж, тасдаж, шороо асгасан хэрэг гарчээ. Одоогоор эдгээр моддыг хэн, ямар зорилготойгоор сүйтгэж, модны суулгац нүхийг чулуугаар дүүргэснийг тогтоогоогүй байгаа юм. Хэн ингэж моддыг сүйдэлсэн талаар шалгуулахаар ахмадууд тавдугаар сарын 14-нд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны цагдаагийн хэсэгт өргөдөл гаргаж өгсөн. Хэдийгээр одоогоор албан ёсоор холбогдох эзнийг тогтоогоогүй ч МоАХ-ны ахмадууд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг гэх компанийн эзэн н.Бадрал эдгээр моддыг сүйтгэсэн гэж үзэж байгаа аж. Тэд “Шуургатай шөнө хулгайч шиг чимээгүй хамаг тарьсан модыг маань ингээд сүйтгээд чулуугаар булчихдаг нь харамсмаар муухай хэрэг боллоо” гэж байлаа.
МОАХ-ны ахмадууд ардчиллын төлөө тэмцэж, зүтгэж явсан анд найз нарынхаа гэгээн дурсгалд зориулан ар гэрийнхэнтэй нь хамтран 600 гаруй мод тарьж, арчилж хамгаалж байгаа. Мод нэг бүрийг нэр бүхий нөхдийнхөө гэгээн дургалд зориулж суулгадаг. Гэтэл эдгээр моддыг хайр найргүй устгасан нь бидний анд нөхрийг хүндлэхгүй байна хэмээн үзэж байгаагаа тэд илэрхийллээ.