Үнэт цаасны зах зээлийг зохицуулах хуулийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны зах зээлийг зохицуулах хуулийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-аас 1996 онд Үнэт цаасны тухай хуулийг баталж, 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар үнэт цаасны зах зээлийн харилцааг тодорхой хэмжээнд зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлж байжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд үндэсний хэмжээнд санхүүгийн хуримтлал хангалтгүй, томоохон  мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болоогүй, хөрөнгийн зах зээлийн хөгжил нь олон улсын нийтлэг жишигт хүрээгүй. Тухайлбал, хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хязгаарлагдмал хариуцлагатай компани болж хэлбэрээ өөрчлөх замаар хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдах явдал түгээмэл болсон байна.

Олон улсын нийтлэг жишгээр бол үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудад нэгдсэн бодлого, стандарт, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэх чиг үүргийг өөрийгөө зохицуулах байгууллага гүйцэтгэдэг байна. Гэтэл Монгол Улсын хувьд үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг хуульчлаагүйн улмаас тэдгээрийн зүгээс зах зээлийг зохицуулах, нөлөөлөх, хөгжүүлэх, эрсдлээс сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжгүй болсноос төрийн зохицуулалт шаардлагагүй харилцаанд төр оролцох, энэ нь  ачааллыг нэмэгдүүлэх. Түүнчлэн төрийн зохицуулах байгууллагаас авч хэрэгжүүлэх зохицуулалтын, захиргааны арга хэмжээний талаархи одоогийн зохицуулалт нь салбарын онцлогт тохирохгүй байгаагаас үйл ажиллагааны үр нөлөөг бууруулах, үр ашиггүй зардлыг бий болгох, улмаар үнэт цаасны зах зээлийг сөрөг үзэгдлээс хамгаалах боломжийг хязгаарлах болсон аж. Жишээ татвал үнэт цаасны зах зээл дэх улсын байцаагчийн эрх хэмжээ тодорхойгүй, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх захиргааны хариуцлага нь хэт бага хэмжээний торгуулиас хэтэрдэггүй зэрэг байдалд хүргэх болсон байна.  Иймээс үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг цогцоор нь хамгаалсан зах зээлийн тогтвортой байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Засгийн газраас дээрх хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсэг, байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Ингэснээр тухайлбал, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшихэд тавигдах хязгаар буюу “Хөрөнгийн биржийн гаргасан нийт үнэт цаасны 10 болон түүнээс дээш хувийг нэг этгээд дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмших тохиолдолд Засгийн газраар хэлэлцэгдэж дэмжигдсэнээр хэрэгжинэ” гэсэн заалт хасагдлаа. Нийтдээ зарчмын зөрүүтэй 57 саналын томъёолол тус бүрээр санал хураалгаж төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

20 саяын гүйлгээ хийсэн хүн бүрийг шалгах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц төслийг хэлэлцэн шийдвэрлээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Монгол Улсад сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын хэлбэрт орж бэхжих хандлагатай болсон байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсад террорист үйл ажиллагаа болж байгаагүй ч террорист байгууллагад гишүүнээр элсэх, терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгтэй аливаа хэлбэрээр холбогдох тохиолдлууд гарахыг үгүйсгэх аргагүй болжээ. Нөгөөтэйгүүр, НҮБ болон Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын гишүүн орны хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг нь улам өргөн хүрээтэй болж байгаа юм байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2001 оны 1267, 1373 дугаар шийдвэрээр терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, террорист байгууллага болон террорист үйл ажиллагааг дэмжих зорилгоор эд хөрөнгө хуримтлуулах, шилжүүлэх үйлдлийг хүнд гэмт хэрэгт тооцон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа даалгасан. Мөн 2011 оноос ФАТФ нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж тодорхой зөвлөмжүүдийг өгч, ирэх зургадугаар сарын дотор 15-ны дотор багтаан Монгол Улс дотоодын хууль тогтоомжоо уг зөвлөмжүүдэд нийцүүлээгүй тохиолдолд хар жагсаалтад оруулах анхааруулгыг өгсөн аж. Тиймээс Засгийн газрын зүгээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхой болгох, нэр томьёог жигдлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д оруулж ирсэн нь энэ аж. Төсөлд дотоодын банк, бусад санхүүгийн байгууллагуудаас гадаад орны банк санхүүгийн байгууллагатай санхүүгийн харилцаа тогтоохоос өмнө мэдээллийг нягтлах, санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагч, шинжээчийг улсын ерөнхий байцаагч болон байцаагчийн эрх олгох, санхүүгийн мэдээллийн албаны чиг үүргийг нэмж тодорхойлох талаарх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг гарч болзошгүй талаар мэдээлэх үүрэгтэй байгууллагууд илт үндэслэлгүй, хэвийн бус их мөнгөн дүнтэй, улс төрийн нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийгдсэн, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх талаарх хяналт хангалтгүй улс орноор дамжуулан хийгдэж буй гүйлгээнд тусгай хяналт тавих. Харилцагчийн талаарх баримт, материалыг хадгалах, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд тухайн дансанд хяналт тавих, гүйлгээг түр зогсоох, хөрөнгө битүүмжлэх зэрэг зохицуулалт хийхээр төсөлд зааж өгчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа “20 сая төгрөгийн гүйлгээ хийсэн хүн бүрийг шалгах уу” гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүссэн юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Тухайн банкаар байнга үйлчлүүлдэггүй этгээдийн эрсдэлтэй гэж үзсэн гүйлгээнд мөнгөний дүнг харгалзан аль эх үүсвэрээс хаашаа орж буйд нь хяналт тавих юм. Гүйлгээ саатах, удаашрах явдал гарахгүй, энгийн гүйлгээг нягтлаад явна. Харин зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзсэн гүйлгээнд л хяналт тавина” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Яагаад заавал 20 сая гэж заах болсон, тэр хэмжээнд хүрээгүй атлаа 24 цагийн дотор хийсэн гүйлгээ болгоныг хамруулах эсэхэд тодорхой хариулт шаардсан юм.

Үүнд сайд Х.Тэмүүжин “Хуулийн төсөлд заасан 20 сая төгрөг гэдэг нь олон улсын хэмжээнд мөрдөж байгаа жижиг стандарт. Давтан гүйлгээнд шалгах үндэслэлтэй гэж үзсэн гүйлгээг л хамруулна” гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэх шатанд С.Дэмбэрэл “Уг хуулийн төсөл, энэ талаарх бусад орны жишиг, ойлголт, арга хэлбэрийг харьцуулж харахад хуулийн төсөлд дутуу дулимаг заалт байхын зэрэгцээ амьдралаас тасархай хэрэгжихэд төвөгтэй болсон” гэж анхааруулсан бол Ц.Оюунгэрэл гишүүн “Манай улс хар дансанд орохоор цаг нь тулчихсан үед хуулийн төслийг яаралтай батлаад бусад хуульдаа өөрчлөлт оруулах замаар сайжруулаад явахаас аргагүй” хэмээж байв. Тэгвэл УИХ-ын гишүүн  Р.Амаржаргал улс орны дотоод, гадаад нөхцөл байдлыг сайн анхаарч төсөлд нухацтай хандахгүй бол эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй, гишүүн Ц.Даваасүрэн гүйлгээний мөнгөн дүн, тоогоор хязгаарлах явдлыг дахин сайн нягтлахгүй бол банкаар хийх гүйлгээ багасч далд хэлбэрт шилжих аюултай хэмээж байлаа. Харин УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж “Эл төслийг энэ хэвээр нь батлах юм бол банкны нууц гэх юмгүй болж, олон байгууллага оролцдог болно. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд гишүүд ихээхэн ажил хэрэгч хандаж эдийн засагт хохиролтой заалтуудыг авч хаях хэрэгтэй” гэсэн байр суурийг тус бүр илэрхийлж байсан юм. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж