“Монгол-93” шатахууныг нийлүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

“Монгол-93” шатахууныг нийлүүлж эхэллээ

АИ-92-оос октаны тоогоор нэг нэгжээр илүү шатахуун Монголд ирлээ. “Монгол-93” гэж нэрлэсэн шинэ төрлийн шатахууныг өнөөдрөөс албан ёсоор шатахуун түгээх станцуудаар түгээж эхэлж буй бөгөөд нээлтийн арга хэмжээ Зүүн дөрвөн замд байрлах “Петровис” ШТС-ын талбайд болсон юм. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан болон албаныхан оролцлоо. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол-93” шатахууныг нийлүүлснээр Монгол Улс дунд хугацаанд дотоодын шатахууныхаа хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо. Бид цаашдаа шатахуун экспортлогч орон болно” гэж онцолсон юм.

Мөн энэ үеэр Монголоос гаралтай шатахууныг анх удаа түгээж буй энэ өдрийг тохиолдуулан хоёр жолоочийн машины шатахууны савыг дүүргэж өглөө. Жолооч нарыг тохиолдлоор сонгож, ийнхүү шатахууны савыг нь дүүргэж өгсөн тухай албаныхан хэлсэн юм. Шатахуун авсан анхны хэрэглэгч болох “Улаанбаатар такси” компанийн жолооч С.Ганбаатар эх орныхоо хөрснөөс гаргасан шатахууныг анх удаа ашиглаж байгаадаа баяртай байгаагаа хэлж байсан.

Шатахууны үнээс өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хамаардаг бичигдээгүй хуультай болсон энэ үед шатахуун авах өөр нэгэн үүсвэртэй болсноороо онцлогтой. Ингэхдээ Дорнод аймгийн Халх гол сум дахь Тамсагийн сав газар байрлах үйлдвэрээс газрын тос гарган авч, Хөт хотын нефть боловсруулах үйлдвэрт нийлүүлж, эргүүлэн шатахуун авч буй. Дорнод аймагт байрлах газрын тосны үйлдвэр нь жилд 434 мянган тонн түүхий тос экспортолж, улсын төсөвт жилд 130-140 гаруй тэрбум төгрөг оруулах аж. Ингээд сар бүр бид БНХАУ-аас 10 мянган тонн шатахуун авах бөгөөд эхний ээлжинд 6000 гаруй тонн шатахуун импортоор оруулж иржээ. Чанарын хувьд Монгол-93 шатахуун нь хүхэр, тугалгын хэмжээ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлө зэргээр “Евро-3” стандартыг хангасан гэж үзэж байна.

Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ  65-70 мянган тонн бөгөөд үүний 25 мянган тонн нь авто бензин ажээ. Газрын тосны бүтээгдэхүүний тал дээр бид ОХУ-ын “Роснефть” компаниас 90 хувь хараат гэгддэг ч байдал дээрдэж буйг албаныхан хэлж байна. Тодруулбал, 2013 он гарсаар Монгол Улс эхний гурван сарын хугацаанд шатахууны нийт хэрэглээнийхээ 40 хувийг тус компаниас авсан бөгөөд үлдсэнийг БНСУ, Беларусь, БНХАУ-аас авч байгаа ажээ.

“Монгол93”-ын үнэ АИ-92 шатахуунтай адил

Хэрэглэгчид “Монгол-93” шатахууныг өнөөгийн зах зээлийн үнээс доогуур үнээр худалдана гэсэн хүлээлттэй байсан. Гэхдээ одоогоор тийм зүйл байхгүй, тодруулбал, АИ-92 шатахуунтай адил буюу литр тутамдаа 1670 төгрөгийн үнэтэй байна. “Монгол-93”-ыг “НИК”, “Петровис”, “Магнай трейд” компаниудад нийлүүлсэн бөгөөд эхний ээлжинд энэ гурван компанийн бүх шатахуун түгээх станцуудаар худалдаалах юм. Харин одоогийн байдлаар хөдөө орон нутагт нийлүүлж эхлээгүй байна.

“Монгол-93” шатахууныг Хөх хотоос тонн тутамд нь 1105 ам.доллараар авч буй гэнэ. Монголд худалдаалах үнийг хэрхэн тогтоосон талаар албаны хүний зүгээс “Замын-Үүд дээр буулгаад, шилжүүлэн ачиж байгаа болон вагоны зардал орж байгаа. Цаашдаа “Монгол-93”-ын үнэ буурах бүрэн боломжтой. Одоогоор эхлэн нийлүүлж байгаа учраас АИ-92-той ижил үнэ тогтоосон” гэсэн юм.

“Монгол-93” шатахууны үнийг ил тод, шударга тогтоохын тулд цаашид нэг хувьсагчтай томъёогоор тогтоож байх юм. Хувьсагч нь Сингапурын бирж дээрх Монголын газрын тосны үнэ юм байна. Ингэхээр зах зээлийн бодит байдлыг дагаж шатахууны үнэ нэмэгдэх, буурах шатлалаар үнэ бүрдэлт тогтох аж. Хөх хотоос нийлүүлэх Монгол-93 шатахууны үнийг биржийн аргаар тогтоож, сар бүрийн 25-нд шатахууны үнийг нийтэд зарлаж байх гэнэ.

Цаашдаа Дорнод аймагт байрлах газрын тосны үйлдвэрээс гаргаж буй тосны хэмжээг нэмж, импортоор оруулж ирж буй “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Замын-Үүд боомт дээрх шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор Замын-Үүдэд 15 мянган тонн шатахуун шилжүүлэн ачих хүчин чадалтай ганцхан байгууламж ажиллаж буй. Байгууламжийн хүчин чадлыг нь нэмж, өргөтгөх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ оны есдүгээр сард дуусах гэнэ. Ингэснээр сардаа 20 мянган тонн шатахуун шилжүүлэн ачих боломжтой болох юм.Цаашдаа шилжүүлэн ачих байгууламжийг хоёр болгох асуудлыг албаныхан ярилцаж байгаа ажээ.

У.БОЛОР








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж