УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайраааныг эх орноосоо урвасан хэрэгт буруутган ТЕГ-т шалгаж эхэлжээ. Бүгд Найрамдах Казакстан улсын Тагнуулын газрын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбековын гаргасан тодорхойлолтод Монголын Элчин сайд К.Сайрааныг Кувейтэд Казакстаны тагнуулаар ажилладаг байсан, ингэхдээ Алтай хэмээх нууц нэрээр тагнуул, туршуул хийж байсан тухай дурджээ.
“К.Сайрааныг эртнээс шалгаж эхлэх ёстой байсан. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар энэ асуудал хэдэнтээ хойшлогдож, хэргийг түр түдгэлзүүлээд байсан юм. Тэрээр эмч, мэргэжилтнүүдийн дүгнэлт, тодорхойлолтын дагуу батлан даалтад гарч, улмаар Герман улсад мэс засал хийлгээд хэдэн хоногийн өмнө Монголд буцаж ирсэн тул хэргийг сэргээн шалгахаар болсон. К.Сайрааныг Казакстаны тагнуул мөн эсэхээс үл хамааран Элчин сайдаар ажиллаж байх үедээ хамаарч байсан орнуудын эрх баригч, тагнуулын байгууллагуудын хүсэлтээр шалгах болсон” гэдгийг ТЕГ-ын эх сурвалж хэллээ.
Хэрэв К.Сайраан Эрүүгийн хуулийн 79.1-т заасны дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдвол 16-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм. Харин гадаад улсын тагнуулын албанд элссэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын албатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн бол хариуцлага, ялаас чөлөөлөх хуулийн заалттай гэнэ.