
Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар энэ сарын 22-23-ны өдөр Монголд хүрэлцэн ирэх гэж байна. Энэ нь түүний манай улсад зочилж буй дөрөв дэх айлчлал юм. Тэрээр тавдугаар сарын 22-ны 15.00 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт “Чакра крияа” буюу Энергийн хүрдний төвийн бясалгалыг өөрийн биеэр удирдан явуулах ба 17.00 цагаас тус ордонд олон нийттэй уулзалт хийх аж. Мөн тавдугаар сарын 23-ны 11.00 цагаас Соёлын төв өргөөнд олон нийтийг хамарсан сонирхолтой лекц болно.
Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар нь дэлхий дахинаа танигдсан оюун санааны багш, хүмүүнлэгийн тэргүүн юм. Тэрээр Энэтхэгийн Бангалур хотод мэндэлжээ. Их багш Рави Шанкар “Амьдрах урлаг” олон улсын байгууллагыг 1981 онд үүсгэн байгуулсан ба тус байгууллага нь өдгөө боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр дэлхийн 152 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. “Амьдрах урлаг” байгуулга нь мөн НҮБ-ын эдийн засаг, нийгмийн хэлтэстэй нягт хамтран ажилладаг.
Шри Шри Рави Шанкар багш аливаа асуудалтай нүүр тулгарах, түүнийг даван туулах арга зам, шийдлийг хувь хүн болоод нийгэм, олон үндэстэнд шийдвэрлэхэд тусалдаг. Түүний зорилт нь хүчирхийлэл үгүй, дарамт шахалтгүй нийгэм, хүний үнэ цэнэ, ач холбогдлыг сэргээх, мянга мянган хүмүүсийг гэгээрлийн зам мөрт хөтөлж, тэдний үүрэг хариуцлагын хүрээг тэлж, эх дэлхийг хайрлахад хувь нэмэр оруулахад оршдог. Шри Шри Рави Шанкар нь дэлхий даяар ойролцоогоор 350 сая гаруй хүнд, хувийн болон нийтийн үйл ажиллагаа, сургалт, амьдрах урлагийн ажлын хэсэг, хүмүүнлэгийн чиглэлээр хүрч ажилласан байна. Шри Шригийн дэлхийд бэлэг болгон өгсөн дасгалуудын арга барилуудын дундаас чухалд тооцогддог дасгал болох Сударшан Крияа нь маш хүчирхэг амьсгалын дасгал бөгөөд хүний сэтгэл санаа, оюун ухаан, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
Шри Шри нь олон талын нийгмийн үйл ажиллагааны идэвхтэн билээ. Түүний санаачлагуудын дотор зөрчилдөөнтэй асуудлыг шийдвэрлэх, байгалийн гамшиг, ядуу тарчиг амьдралтай хүмүүст туслалцаа үзүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шоронгийн хоригдлуудад хүмүүжил олгох, бүх нийтэд боловсрол олгох мөн эмэгтэйчүүдийн үр хөндөлт болон насанд хүрээгүй хүүхдүүдийг хөдөлмөр хийлгэхийн эсрэг зэрэг олон хүмүүнлэгийн үйлс багтдаг. Рави Шанкар багш мөн дэлхийн энх тайвны уулзалт, хуралдаанд идэвхтэй оролцдог ба хүнд хурцадмал байгаа газар оронд очиж зөвшилцөл, хэлэлцээ хийж ирснээрээ олонд танил.
Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар дэлхийн олон улсаас нэр хүндтэй шагнал, цол хэргэм хүртсэний дотор Алта гадас одон ( Монгол), Агуу Петерийн шагнал (ОХУ), Сант Шри Дняанишварагийн дэлхийн энх тайвны шагнал (Энэтхэг), Дэлхийн хүмүүнлэгийн шагналыг (АНУ) тус тус хүртжээ. Түүний олон нийтэд өгдөг энгийн сургаал нь “Хайр болон эрдэм мэдлэг нь зовлон шаналал, жигшил зэвүүцэл, үзэн ядалтыг даван дийлдэг” хэмээх гайхалтай сургаал билээ.