Урьдчилгаа авч барилга барьдгийг болиулна гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Урьдчилгаа авч барилга барьдгийг болиулна гэв

Ерөнхий сайд өөрийн нэрэмжит 30 минуттай боллоо. “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын анхных нь дөнгөж сая Төрийн ордноо өндөрлөлөө. Урьд нь сардаа нэг болдог байсан сэтгүүлчдийн уулзалтыг энэ мөчөөё эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12:30 цагт тогтмол хийх ажээ. Энэ удаагийн уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хйисэн ажлаа товч танилцуулав. Хоёр хөрш орноос манай оронд ирсэн зочдын айлчлал, барилгын салбарт хаягласан 300 тэрбум төгрөгийн зээл, гадаад орнуудад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчдийн цахим уулзалт, шинэ онгоц, “Монгол-93” шатахуун зэргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлон нэрлэлээ.

Сэтгүүлчдийн хувьд “Оросын төмөр зам” нэгдлийн захирал В.Якунины айлчлалын талаар илүүтэй сонирхов. В.Якунин Ерөнхий сайдтай уулзахдаа хүмүүсийн хардаад байгаа шиг шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцох талаар яриагүй бөгөөд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр тодорхой санал тавьсан гэв. Хөгжлийн банкны санхүүжилт удаашралтай байгаа гэсэн шүүмжлэл байгааг дуулгахад энэ алдаа давтагдахгүй, учир нь даваа гариг бүрийн 17.00 цагт “Бүтээлч ажлын цаг” зарласан, түүн дээр Хөгжлийн банкныхан оролцож, байнга мэдээлэл хийх ажээ.

 Сэтгүүлчдийн асуулт, Ерөнхий сайдын хариултаас товч сийрүүлэн хүргэе.

-Орон сууцны санхүүжилт, найман хувийн зээлийн журам, зургаан хувийн зээлээс болж хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Зургаан хувийн зээл гэдэг бол шууд сонгуулийн шоу төдийгүй дампуурал зарласан хэрэг байсан. Иймд дахиад ийм бага хүүтэй зээл огт яригдахгүй. Хохирсон иргэдийн асуудлыг тусад нь шийднэ. Харин найман хувийн хүүтэй моргейжийн зээлийг барилгын компаниуд барилгаа бариад дууссан хойно өгнө. Одоо дөнгөж л журмаа боловсруулж байгаа. Эхлээд барилгынханд зах зээлээс бага хүүтэй зээл олгож орон сууц бариулна. Орон сууц бэлэн болмогц иргэдэд зээл олгоно. Барилга барихын тулд иргэдээс урьдчилгаа авдаг жишгийг ч халах ёстой.

-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө алдаа мадагтай байгаагийн жишээг Яармагийн эмнэлгийн барилгын санхүүжилт харуулдаг. Энэ мэт үргүй зардал гаргасан хүмүүсийн ажлаас нь халах төдий шийдэх нь нэг ёсны шагнал биш үү?

-Үргүй хөрөнгө оруулалтын жишээ ганц энэ биш. Маш олон бий. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Түмэгдэмбэрэлийн хувьд огт дэд бүтэцгүй газарт 10 гаруй тэрбум төгрөгөөр эхчүүдийн эмнэлгийн барилга бариулснаас гадна хуучин тоног төхөөрөмж шахсан хэргээр шалгагдаж байгаа. Мөнгө төгрөгтэй холбогдсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлснөөс болж манай Засгийн газар зэм сонсож байгаа. Гэвч үүнээс халшрахгүй байна. Төсвийн мөнгийг үргүй зарах байдлыг болиулна.

-Алтан гайхай жилд төрсөн хүүхдүүд энэ жил сургуульд орж байгаагаас сургуулийн анги дүүргэлт асуудал үүсгээд байна. Цэцэрлэг ч хүрэлцээгүй хэвээр байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Яг үнэнийг хэлэхэд энэ жил бид боловсролын салбарын асуудалд Шинэчлэлийн Засгийн газрын бодлогоо тусгаж амжаагүй. Өмнөх жилүүдэд улсын хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн олон барилга байшингийн ажлыг үргэлжлүүлэхээс аргагүй байсан. Ирэх жилээс боловсролын бодлого өөрчлөгдөнө.

-Зургаан аймгийн төвийг автозамаар холбохоор төлөвлөсөн. Энэ ажил төлөвлөсөн хугацаанд амжих уу. Та саяхан Уньт-Тариалангийн замын ажлыг шалгахдаа шахуу хугацаатай үүрэг өгсөн. Хугацаа шахсанаас чанаргүй зам тавих вий гэсэн болгоомжлол байна?

-Уньт-Тариалангийн зам болон бусад замын гүйцэтгэгчидтэй өнгөрсөн оны аравдугаар сард уулзаж хугацааг товлосон байсан. Хэрэв тухайн компани замаа энэ жилдээ ашигалалтад оруулж амжихааргүй бол хэсэгчлээд өөр компаниар гүйцэтгүүлэх боломжтой. Тиймээс саналаа хэл гэсэн. Бүгд хугацаандаа амжуулна гэж амласан. Ингэхийн тулд шинэ технологи хэрэглэж байгаа.

-БНХАУ-ын “Чалко” компанитай хийсэн гэрээ ойлголцолд хүрсэн үү?

-Гэрээг шинэчлэх гэхээсээ илүү бид дотооддоо хэмнэлт гаргах боломжийг эрж хайж байна. Гаалийн үзлэгт оруулахын тулд нүүрсээ ачиж буулгадаг зардлыг хэмнэн, уурхай дээр гүний гааль ажиллуулах талаар ярилцаж байгаа. Ингэснээр тонн тутамд 3-4 ам.долларын зардал хэмнэх юм билээ. Энэ мэт дотоод боломжоо ашиглана.

-Тавантолгойн хувьцааны талаар тайлбар хэлнэ үү. Иргэд хувьцаа болон түүнийг орлуулан авах нэг сая төгрөгөө хүлээж байна. Мөн компаниудын  хувьцааг яагаад буцааж байгаа юм бэ?

-Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилагдсан. Энэ хувьцааг одоо худалдан борлууллаа гэхэд сая төгрөг хүрэхгүй. Иймд цаг хугацааны хувьд хүлээн, Тавантолгойг үнэд орсон цагт хувьцааг арилжих эрхийг нээх нь зөв гэж үзсэн. Компаниудын худалдан авсан хувьцаанаас 29 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ мөнгө Төрийн өмчийн хорооны дансанд байршиж байгаа. Зарим компаниудаас гаргасан саналын дагуу мөнгийг эргүүлэн өгч, хувьцааг буцаан авч байна.

-Нэг сая төгрөгөө авахаар санал гаргасан хүмүүс яах вэ?

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг бүрэн олгосон. Өөрсдөө саналаараа сая төгрөг авахаар өргөдөл өгсөн хүмүүс хувцьааны нэгэн адил хүлээхээс аргагүй. Ер нь бол хоёр жил орчмын хугацаа бий шүү.

-Сар бүр олгож байсан 21 мянган төгрөгийн үлдэгдлийг хэзээ олгох вэ?

-21 мянгаа аваагүй иргэд олонгүй. Тэдний мөнгийг өгнө.

-Амгалан дулааны станцын ажил ямар шатандаа байгаа вэ?

-Өнөөдөр Эрчим хүчний сайд М.Содномпил надтай уулзсан. Амгалан станцыг барихын өмнө газар чөлөөлөхөд 36 тэрбум төгрөг хэрэгтэй гэж танилцуулж байна. Тийм юм гэж хаана байсан юм. Нэг ажил хийх гэхээр газрын асуудал сөхөгдөөд байх боллоо. Иймд газар олголтын ажлаа цэгцэл гэсэн үүргийг хотын удирдлагуудад өгсөн гэсэн хариултыг өглөө.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж