Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Ойн нөөцөө тоолно

Монгол орны  нийт газар нутгийн 11,89 хувь нь ойн сантай ч ойгоор бүрхэгдсэн нь ердөө 8,06 хувь юм байна. Хүн ам цөөн, газар нутаг том учир нэг хүнд ногдох ойн талбай дэлхийн дунджаас өндөр гардаг. Гэсэн ч манай орон хуурай уур амьсгалтай, хур тунадас бага ордог учир манай орны ой тогтвортой ургадаггүй ойд багтдаг байна. Энэ бүх үзүүлэлт ойг хамгаалахаас аргагүйд хүргэж буй юм. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-ээс эхлэн төмөр замын дэрийг модоор хийхийг хориглож, Булган аймагт ажилладаг дэр модны үйлдвэрийг хаах шийдвэр гаргажээ. Шинэ залуу бат бөх модоор эрчим хүчний шон хийхийг ч ирэх оны хоёрдугаар сараас эхлэн хориглох саналыг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн байна. Төмөр замын дэр болон эрчим хүчний шонг бетоноор хийснээр жил тутам 37-39 мянган шоо метр модыг хамгаална гэсэн тооцоог салбарын яам гаргажээ. Түүнчлэн жилд хэрэглэж буй нийт модны 66 хувь нь түлээнд зарцуудаг. Гэтэл ойд их хэмжээний унанги болон түймэрт өртсөн, хорхойд идэгдсэн мод бий. Түүнийг түлээнд ашиглах, ойг цэвэрлэх, арчлах, хортноос хамгаалах ажил хангалтгүй хийгдэж ирсэн. Энэ нь төсөвт суулгасан хөрөнгө мөнгө бага байдагтай холбоотой гэнэ.

Түүнчлэн манай улс ойн нөөцөө бүрэн бүтнээр нь хоёрхон удаа тоолж байжээ. 1957, 1976 онд бүтнээр нь тоолсноос хойш жилд 3-5 аймгийн ойг хэсэгчлэн тоолох байдлаар явж иржээ. Энэ нь ойн нөөцийг бүрэн хэмжээнд гаргаж чаддаггүй тул 2014 онд ойн нөөцөө бүрэн хэмжээгээр тоолохоор төлөвлөжээ. Тйн ойнхоо нөөцийг үнэн зөв гаргаснаар нүүрстөрөгч шингээх чадварыг тооцоолж болохыйн дээр төсөл хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэх юм байна.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж