Сүүлийн үед авлигын хэрэгт холбогдсон Хятадын томоохон албан тушаалтны нэг нь Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд тэргүүн Лиу Тиенан юм. Түүнийг одоо шалгаж байгаа гэх мэдээлэл Авлигатай тэмцэх газрынх нь сайтад гарчээ. Түүний тухай өнгөрсөн арванхоёрдугаар сард анх Хятадын нэгэн сэтгүүл мэдээлж байв.
Өдгөө 58 настай Лиу Тиенан Хятадын гангийн салбарыг хариуцаж, төлөвлөгөө боловсруулах эрх бүхий чухал албан тушаал дээр томилогдоод удаагүй байгаа билээ. Түүнчлэн тэрбээр өмнө нь Хятадын Үндэсний эрчим хүчний захиргааг удирдаж байжээ. Хятадын нэр хүндтэй “Кайжинг” сэтгүүлийн орлогч эрхлэгч Луо Чангпинг Лиугийн авлигын хэргийн талаар анх олон нийтэд мэдээлсэн. Тухайн үед түүнийг банкнаас олгосон их хэмжээний зээлтэй холбоотой хэмээн буруутгаж, хуурамч диплом худалдан авсан гэж бичиж байжээ. Үүнд нь Лиу Тиенан хариу хэлээгүй боловч Хятадын хууль сахиулагчид тэр үеэс түүнийг шалгаж эхэлсэн байна.
Ши Жинпин Коммунист намын дарга болсныхоо дараа “Хятадад улам бүр хурцаар тавигдаж буй асуудал бол авлига гэдгийг маш олон баримт нотолж байна. Энэ бүхэн даамжирвал эцэстээ нам, төрийн хувьд өөрчлөх боломжгүй хор уршиг авчирч мэдэх юм. Тиймээс анхааралтай хянамгай байх ёстой” гэсэн юм. Түүнийг ингэж хэлсний дараа буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард Сичуань мужийн Коммунист намын дэд дарга Ли Чанченг байцааж, авлига авсныг нь тогтоон албан тушаалаас нь чөлөөлжээ. Тухайн үед түүнийг үл хөдлөх хөрөнгийн худалдаанд оролцож хахууль авсан хэмээн хэвлэлд мэдээлсний дараа Хятадын цагдаа нар яаралтай арга хэмжээ авсан юм. Коммунист намын хамгийн нөлөөтэй 205 хүний нэгээр нэрлэгдэж байсан Ли Чанченгд ийнхүү ял оноосон нь Хятадын улс төрд шуугиан тарихуйц том үйл явдал гэж шинжээчид дүгнэж байв. Мөн саяхан Шаньдун мужийн амбан захирагчийн орлогч Хуанг Шэнд бүх насаар нь хорих ял оноож, бүх эд хөрөнгийг нь улсын орлого болгон авчээ. Түүнийг 1998-2011 онд 12 сая гаруй юанийг хээл хахууль болгон авсан гэж үзсэн байна. Энэмэтчилэн авлигын хэргүүдийг шалгахаас гадна хууль бус үйлдэл нь илэрсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцсоор байгаа. Тухайлбал, Чунцин мужийн на-мын удирдлагууд, үйлдвэрийн эздийг насанд хүрээгүй охидыг бэлгийн харилцаанд уруу татсан хэмээн буруутгаж байгаа юм. Цагдаагийнхан тэдний биеэ үнэлэгчидтэй цуг байгаа бичлэгийг илрүүлсэн байна. Үүнээс болж Чунцин хотын томоохон 15 албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөж, орон нутгийн зургаан том компанийн эзэд ажилгүй болж эрүүгийн хэрэгт татагджээ. Энэ тухай анх Хятадын твиттер гэж нэрлэгддэг “Sine Weibo” сайтад мэдээлж байв.
“Авлига даамжирсаар Коммунист намын мөхлийг даллаж байна” хэмээн болгоомжилсон Ши Жинпин албан тушаалтнуудынхаа хэрэглээг багасгаж, гадаадад хийх айлчлалынх нь зардлыг танаж эхэлсэн юм. Мөн төрийн өмчийн хөрөнгөнд шалгалт хийжээ. Тухайлбал, Гуанжоуд Засгийн газрын мэдэлд байдаг 8500 орчим автомашинд GPS суулгасан байна. Тэгээд хэрэглээг нь хянаж эхэлснээс хойш машин тус бүрт зарцуулах зардлаас долоо хоног бүр 805 ам.доллар хэмнэсэн тухай “China People’s Daily” сонинд жигтэйхэн сүр дуулиантай мэдээлжээ. Хятадын эрх баригчид явуулж байгаа бодлогоо ийн сурталчилж байсан ч иргэдийнх нь эсэргүүцэл намжсангүй.
Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Бээжинд нэг жижиг жагсаал болов. Тэнд оролцсон хүмүүс “Бид авлигад автсан албан тушаалтнуудын жагсаалтад цэг тавихгүйгээр Хятад мөрөөдлийг биелүүлж чадахгүй” гэсэн бичиг, уриа лоозон барьж байсан юм. Өнгөрсөн намар Коммунист намын дарга болсныхоо дараа Ши Жинпин “Америк мөрөөдөл” гэдэг шиг “Хятад мөрөөдөл”-ийг бодит болгож, хятад хүн бүрийн сайн сайхан амьдралыг цогцлооно хэмээн ярьж байсныг ийнхүү авлигатай тэмцэх хөдөлгөөнийхөн иш татсан юмсанж. Мөн тэд албан тушаалтнуудыг хөрөнгийн хэмжээгээ олон нийтэд зарлахыг шаардсан байна. Гэвч Хятадын цагдаа нар жагсаалыг тарааж, түүнд оролцсон дөрвөн хүнийг баривчилжээ. Хүний эрхийн талаарх судалгаа явуулдаг шинжээч Николас Бикуэлин “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Улстөрчдийг хөрөнгийнхөө талаар мэдээлэл өгөхийг шаардсан хүмүүсийг баривчилсан явдал нь Хятадын Засгийн газар авлигатай төдийлөн хатуу тэмцэхгүй байгаагийн илрэл болж харагдаж байна” хэмээн дүгнэсэн байна.
Гэхдээ Хятадын эрх баригчид иргэдийнхээ дунд үймээн гарах вий гэхээс маш их болгоомжилж байгаа. Өнгөрсөн онд тус улсын хамгийн нөлөө бүхий улстөрчид болох Бо Силай, Ли Жиангуо нар авлига, хүн амины хэрэгт холбогдон нэлээд шуугиан тарьсан. Энэ нь иргэдийг нь бухимдуулсан юм. Өөрсдийг нь удирдаж байгаа хамгийн өндөр албан тушаалтай хүмүүс авлига авч байна гэдэг улс орных нь ирээдүй бүрхэг байгаа юм шиг сэтгэгдлийг Хятадын ард түмэнд төрүүлж байв. Тэр ч байтугай тус улс Авлигын индексийн үзүүлэлтээр дэлхийн 176 орноос 75 дугаарт бичигдэж байснаа 80 дугаар байранд орж хойшоо ухарсан. Гэхдээ гадныхан юу гэж бодох бол гэдгээс илүүтэйгээр дотоодын үймээн самуунаас болгоомжилж Хятадын эрх баригчид авлигатай тэмцэж байгаа гэж дүгнэж болохоор байна. Тэд зүтгээд л байдаг, гэтэл хэн нэгэн жагсагч гарч ирээд “Манай улсад авлига газар авлаа” гэж хашгираад байвал олон нийт дорхноо үймж орхино. Тиймээс тиймэрхүү тэмцэгчдийг баривчилж хорих нь Хятадын Засгийн газрын хувьд хамгийн зөв алхам болж байна.
Ийнхүү тус улсын эрх баригчид авлигатай холбоотой хүн бүрийг “чангалж” байна. Авлигатай тэмцэх тухайд гэвэл энэ нь Хятадын тансаг хэрэглээний зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа аж. Хятадын бизнесийн сэтгүүл болох “CBN weekly”-ийн сэтгүүлч Анн Жан “Авлигатай тэмцэх нь тансаг хэрэглээг хязгаарлах нэг алхам болж тэр хэрээрээ зах зээл нь хумигдаж эхэллээ” гэж дүгнэсэн байна. Үнэхээр сүүлийн зургаан жилд анх удаа тус улсын тансаг хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт суларчээ. Өнгөрсөн оны мөн үед 30 хувиар өсч байсантай харьцуулахад одоо дөнгөж долоон хувиар л нэмэгдсэн байна.
Энэ бүхэн нь Хятадын эдийн засагт тулгараад буй нэг том асуудал болох баян, ядуугийн ялгааг багасгах, дундаж давхаргынхны тоог нэмэхийн тулд явуулж буй бодлого бололтой. Ямар ч гэсэн үр дүнд нь “Gucci”, “Dior” зэрэг маш олон брэндийн борлуулалт өнгөрсөн сард буурчээ. Бээжинд байдаг “Шин Конг плэйс” худалдааны төвд зөвхөн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалдаг. Гэтэл одоо борлуулалт нь 12.3 хувиар буурсан байна. Уг нь өнгөрсөн оны мөн үед 30-50 хувиар өсч байсан юм. Тансаг бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа огцом нэмснээс болж Швейцарьт 81 мянган ам.доллараар зарагддаг “Cartier”-ийн цагний үнэ Хятадад 30 хуиар өсч байх жишээтэй. Тэгэхээр Хятадын хэрэглэгчдийн сонголт өөрчлөгдөхөөс аргагүй юм.
Эх сурвалж: http://ipost.mn