![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/7378c772dc561904/e0c355ed08e6120cbig.jpg)
Шийдвэр гаргахын өмнө УИХ-ын гишүүн Д.Арвин дээрх асуудлын хүрээнд “Ойгоо цэвэрлэхгүй бол ой мод ургуулах тухай яриад нэмэргүй, энэ ажлыг ойн нөхөрлөлөөр хийлгэж, иргэдийг ажлын байраар хангах. Ой цэвэрлэснээр түлшний модны нэг биш жилийн хэрэглээг хангах модтой болох боломжтой. Гэтэл иргэдийг тусгай хамгаалалттай газарт оруулж ой цэвэрлүүлэх нь эрсдэлтэй гэсээр олон жил зүгээр суусан. Тиймээс би ой хамгаалах, цэвэрлэх Ажлын хэсэг байгуулах санал гаргаж байна гэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар мод импортоор оруулж ирэх тухай яриад байгаа хэрнээ орж ирсэн модоор хэрхэн үйлдвэрлэл явуулах тухай огт ярьсангүй. Гэтэл Засгийн газар сумдыг барилгажуулна гээд байгаа канад технологи одоо эргээд модыг хэмнэдэг технологи нэвтрүүлж эхлээд байгааг судалж үзсэн үү. ОХУ-аас орж ирдэг түймрээс сэргийлэх талаар юу хийв. Түймэр унтраах шинэ технологи манайд байхгүйгээс хүний амь эрсдэхэд хүргэдэг аргаа хэрэглэсээр байх уу хэмээн сануулаад авсан. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ой хээрийн түймрээс сэргийлэхэд Хилийн цэргийн хүчийг, ойг цэвэрлэхэд Дотоодын цэргийн хүчийг ашиглах, төмөр замын дэр мод, өндөр хүчдэлийн шон модонд мод ашиглаж байгааг бүрэн зогсоох шаардлагатай байгааг онцолсон юм. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Засгийн газраас Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн мод, модон материалын импортыг чөлөөлөх асуудал, ойн санг хамгаалах асуудал нь тун чухал, зөв алхам болсон байна. Канад зэрэг оронд модыг хурдан ургуулж, үйлдвэрлэлд ашигладаг технологийг манайд нэвтрүүлэх санаачлага гаргах хэрэгтэй байна гэсэн бол гишүүн С.Дэмбэрэл Монгол орны ойн нөөц, хамгаалалт, хулгайгаар мод бэлтгэж байгаа нөхцөл байдал, мод модон материалын үйлдвэрлэл, импортын талаар сарын хугацаанд бүрэн судалгаа гаргаж ирэх үүрэг даалгавар өгч, тэдгээр мэдээллийг үндэслэн асуудлыг дахин нухацтай хэлэлцэж, цаашид хэрхэх талаар тодорхой бодлого боловсруулах шаардлагатай гэж байлаа.
Улмаар Д.Арвин гишүүний гаргасан горимын саналаар санал хураахад олонхи гишүүн дэмжсэн тул Ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгийн мэдээллийг сонсов. Барилга хот байгуулалтын яамнаас сумдыг канад технологиор барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ үйлдвэрлэлд шаардлагатай барилгын модон материалыг ОХУ-аас оруулж ирэхэд импортын хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг тэрээр мэдээлсэн юм. Дээрх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлснээр Мод модон материалын импортыг дэмжих чиглэлээр яаралтай бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг даалгаврыг Засгийн газарт өгөхөөр болж шийдвэрээ гаргалаа.