“Дөрвөн уулын бороо” маргааш шивэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

“Дөрвөн уулын бороо” маргааш шивэрнэ

Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Балжирын Догмид энэ сарын 16-нд буюу маргааш Бөхийн өргөөнд “Дөрвөн уулын бороо” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолтод хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр нарын зохиосон “Догшин хутагтын сахиус”, “Бурханы шувууд” зэрэг дөрвөн том найрал хөгжимтэй бүтээлүүд орж байгаа аж. Дээр нь “Догшин хутагтын сахиус”, “Оосор бүчгүй орчлон”, “Анхны хайрын дууль” гээд кинонуудын шигтгээ дүрүүдийг жүжигчид драмчилсан байдлаар үзэгчдэд хүргэх нь. Тэрээр уг тоглолтоороо дамжуулан үзэгчдэд дорны хүний намба, сэтгэл, зөв ухаан, эвдрээгүй араншин ээдээгүй сэтгэл, нутаг ус газар шороогоо дээдэлж, тэнгэрээс эрчим хүчийг авч, газар эхдээ мөргөдөг аугаа их Монгол хүний олноос онцгойрох сэтгэлийн их шүншигийг харуулах аж. Энэ тоглолт Равжаа хутагтын мэндэлсэний 210 жилийн ой, IX хутагтын сэнтийдээ заларсанд уран бүтээлийн мандал өргөж байгаа тоглолт юм байна. Тиймээс тэрээр уг тоглолтоо нийслэлд тоглосны дараа Хамрын хийд, Сайншанд зэрэг газруудаар тоглохоор төлөвлөөд байгаа аж. Үүний дараа бүхий л мэдээллийн хэрэгслээр тоглолтоо дамжуулахаар зэхээд байгаа аж.  

“…Дөрвөн уулын даллагатай бороо шивэрнэ, Ай Нанаа
Дүнжингаравын оргил Цэцээ гүн цэнхэртэнэ ээ
Хатан Туулын урсгал хазаар даран хатирна
Хараацайн хөнгөн даль хацар шүргэж жиргэлдэнэ ээ…”
хэмээн эгшиглэх “Дөрвөн уулын бороо” дуугаараа нэрлэсэн тоглолт маргааш Бөхийн өргөөнд болно.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж