Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцүүлнэ

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Түүнтэй хамт тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар нар уулзалтад оролцов.

Уулзалтын эхэнд салбарын сайд яамныхаа “ногоон хөгжил” гэсэн тодотголын талаар товч мэдээлэл хийсэн юм. Дэлхий нийтээрээ байгаль экологид ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх болсны дээр ногоон хөгжлөөс ангид нэг ч салбар байдаггүй гэдгийг тэрбээр онцолсон. Ирэх зургадугаар 5-ны өдрийг дэлхий нийтээрээ “Байгаль орчны өдөр” болгон тэмдэглэдэг. Тэрхүү өдрийг тохиолдуулан “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ыг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөснөө мэдээлэв. Энэхүү үзэл баримтлалыг боловсруулахын тулд байгаль орчны чиглэлийн болон бусад төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, иргэдийн санал бодлыг сонссон бөгөөд ойрын 14 хоногтоо үзэл баримтлалд нэмэрлэх шинэ сонин санал санаачлагыг хүлээн авахад бэлэн байгаагаа сайд С.Оюун хэлж байлаа.

Үйлдвэрлэлд хэрэглэсэн усны үнийг нэмнэ

Сайдын мэдээлэлд багтсан бас нэгэн шинэ мэдээ бол мод модон бүтээгдэхүүний импортод урамшуулал олгох тухай байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сайтад өнөөдөр орсон “Төмөр замын дэрийг модоор хийхийг хоригложээ” сурвалжлагаас дэлгэрүүлэн уншиж болно. Байгаль орчны асуудлаас хамгийн их анхаарал татдаг сэдэв нь ус. Тиймээс энэ жилээс эхлэн “Байгаль орчны багц хууль”-ийн дагуу усны сав газруудыг шинээр бий болгоод байгаа юм. Ингэснээр гол мөрөн, нуур далайгаа хариуцсан захиргаатай болж байна. Улсын хэмжээнд нийт 28 усны захиргаа ажиллах аж. Хамгийн түрүүн Туул голын сав газрын захиргаа байгуулагдаж, судалгаа шинжилгээ хийн “Туул газрын сав газрын нэгдсэн менежмент”-ийг боловсруулаад байгаа юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн чиглэлээр ашигласан усны үнэ тарифыг нэмэх саналыг боловсруулжээ. Ингэснээр усыг гамнах хэмнэх горим тогтоoхын дээр ашигласан усаа дахин хэрэглэвэл хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх талаар ч тусгаад байгаа юм. Үйлдвэрлэгчдэд хамааралтай бас нэгэн шийдвэр бол “Бохирдуулагч нь төлнө” гэсэн зарчим ажээ. Үйлдвэрлэл эрхэлж буй нь сайн хэрэг боловч байгаль орчныг бохирдуулах зөвшөөрөл гэж ойлгож болохгүй тул ийн шийдэхэд хүрснээ С.Оюун сайд онцоллоо.

Орон нутаг өөрийн гэсэн төсөвтэй болно

Ан амьтан агнах зөвшөөрлийг гадаад дотоодын иргэдэд олгосноор  улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрдөг байсан. Зөвхөн шонхор шувуу экспортоос жилд гурван тэрбум төгрөг олдог байж. Тэгвэл энэ жилээс эхлэн ан амьтны хамгаалахад илүүтэй анхаарах юм байна. Улсын хэмжээнд тусгай зориулалтын ан буюу аргаль угалз тэх агнах зөвшөөрлийг яамнаас олгодог байсан. Жилд 50-70 угалз, 300 тэх агнадаг байсан бол  2013 онд 15 угалз, 30 тэх агнуулахаар тоог эрс бууруулжээ. Эдгээрийг агнасны төлбөрийг ч улсын төсөвт бус тухайн орон нутагт нь төвлөрүүлэх бөгөөд тодорхой хэмжээний хөрөнгийг ан амьтныг хамгаалахад эргүүлэн зарцуулахаар заажээ. Энэ жилийн хувьд Ховд, Увс, Төв аймгаас тусгай зориулалтын ан агнуурын менежментийн төлөвлөгөө өгчээ. Тэр дагуу дээрх аймгуудад ан агнуур хийнэ. Харин Өмнөговь аймаг энэ жил газар нутагтаа ан хийлгэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

Байгалийн нөөц ашигласны татварын тухай хуульд заасны дагуу ус, ургамал ашигласны төлбөр, ан агнуурын төлбөр, тусгай хамгаалалттай газарт газар ашигласны төлбөрүүд орон нутагт орох юм. Түүнчлэн дээрх төлбөрийнхөө тодорхой хувийг байгаль хамгаалалд зарцуулах үүргийг мөн хуулинд суулгаж өгсөн байна. Тухайлбал ус рашаан ашигласны төлбөрийн 55 хувь, ойн нөөц ашигласны төлбөрийн 85 хувь, газар ашигласны төлбөрийн 30 хувийг эргүүлэн тухайн ус рашаан, газар нутаг, ойд нь зориулахаар заасан юм.

Богдхан уул, Горхи-Тэрэлжид газар олгохгүй

Дэлхийд данстай дархан цаазат уулынхаа ар эмжээрт нутагладаг нийслэлчүүдийн хувьд хамгийн ихээр сэтгэл зовоодог асуудал нь тусгай хамгаалалтын газар нутагт олгох газрын зөвшөөрөл. Богдхан уул цагтаа хэн дуртай нь нутаглах бүү хэл хөл гишгэдэггүй газар байсан. Гэтэл өнөөдөр уулын ар хормойг бүхэлд нь орон сууцны хороолол бүрхээд буй. Тиймээс Богд уулын орчимд газар олголтыг 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зогсоогоод байгаа юм. Мөн Горхи Тэрэлжийн орчимд ч газар олгохгүй байгаа гэнэ. Харин урьд өмнөх Засгийн газрынхны олгосон зөвшөөрлийг хэрхэх вэ гэдэг нь “толгойн өвчин” болоод байгааг салбарын сайд нуусангүй. Хуулиа дагах юм бол буулгахаас аргагүй. Гэтэл барилга байгууламж, бүүр олон зуун айлын орон сууцыг буулгах нь газар авсан хүмүүст төдийгүй  иргэдэд ч хохиролтой учир өнөөг хүртэл харзнасаар иржээ.

Ер нь Монгол орны газар нутгийн 17 хувь нь тусгай хамгаалалтад байдаг. Энэ хувь хэмжээг 30 хувьд хүргэнэ гэсэн амлалтыг анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэртээх 1992 онд олон улсын хэмжээнд өгч байсан ч өнөө хэр биелээгүй. Тиймээс цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг өргөжүүлэх юм байна.

Агаарын бохирдлын хувь хэмжээ бага зэрэг буурчээ

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн өвөл анх удаа гурван үзүүлэлт дээр бага зэргийн бууралттай гарчээ. Агаарын бохирдлын талаар олон жил ярьж байгаа ч хөрөнгө мөнгө төлөвлөн зарцуулсан нь сүүлийн гурван жил. Тэр дундаа 2011, 2012 онд нийслэлийн гэр хорооллын 120 мянган айлын зуухыг шинэчилжээ. Нийтдээ 185 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд үлдсэн айл өрхийн зуухыг ирэх өвөл шинэчилж амжина гэж БОНХЯ-ныхан амлаж байна. Зөвхөн айл өрхийн зуух төдийгүй нам даралтын зуухыг ирэх өвлөөс шинэчилнэ. Заримыг нь бүр татан буулгаж, төвийн шугамд холбох гэнэ. Өнгөрсөн онд хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн ширхэгтэй тоосонцрын хувь хэмжээ 5-30 хувиар багасчээ. Гэвч стандартаас хэд дахин өндөр байсан үзүүлэлт 5-30 хувь буурсан нь тайвшрах үзүүлэлт биш болохоор хийж хэрэгжүүлэх ажил их бий гэдгийг С.Оюун сайд хэлж байлаа.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж