-УДЭТ-аар сонин юу байна. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд энэ хаврыг сайхан амарч өнгөрүүлж байна. Одоогийн байдлаар шинэ уран бүтээлд оролцоогүй байгаа. Хуучин жүжгүүдээ сэргээж тоглоод явж байна. Хайрын жүжгийн сар өндөрлөсөн. Харин тавдугаар сард хүүхдийн жүжгүүд тоглогдож байгаа. Маргааш бид Төв аймаг руу бригадаар явах гэж байна. Төв аймгийнхандаа дөрөв хоногийн турш хүүхдийн болон сонгодог, хайрын сэдэвтэй жүжгүүдээ сонирхуулах юм. Театраар иймэрхүү сонинтой байна даа. Ачаалал багатай байна.
-Ажлын ачаалал багатай байгаа юм байна. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна даа?
-Уран бүтээлч хүнд олдсон чөлөөт цаг гэдэг зүйл бол маш үнэтэй. Учир нь бид ажлын ачаалал багатай байсан ч ямагт л өөрсдийгөө хөгжүүлж, ажиллаж, хичээх шаардлага тулгарч байдаг юм. Тиймээс ч надад олдсон тэр цаг хугацаагаа аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Ихэвчлэн өөртөө олдсон тэр хэсэгхэн хугацаагаа гэр бүлдээ, ээж аавдаа зарцуулахыг хичээдэг юм. Зарим хүмүүс хөлсөө гартал бүжиглэлээ гэж ярьдаг юм билээ. Хүн бүхэн өөр өөрийн дуртай зүйлээ хийдэг байх. Харин миний хувьд хааяа нэг хамт олон, найз нөхөдтэйгөө дискоддог юм. Түүнээс биш шоу, цэнгээн хэсээд явах дургүй. Аль болох гэртээ амрахыг хичээдэг. Түүнээс гадна хүмүүс чөлөөт цагаараа ном унших дуртай гэж хариулдаг. Миний хувьд ч ялгаагүй номын дэлгүүрт зорьж, очоод дуртай номоо худалдаж авдаг. Тэгээд эхний хэдэн хуудсыг нь аягүй идэвхтэй уншина аа. Харамсалтай нь тэгж байтал ямар нэгэн кино, жүжгийн ажил эхэлдэг. Ингээд л зорьж авсан номоо дуусгаж чаддаггүй юм.
-Гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хичээдэг гэсэн. Гэр бүл гэх энэ тодорхойлолтод найз залуу, нөхөр багтаж байгаа юу?
-Үгүй дээ. /инээв/. Одоогийн байдлаар ганц бие. Миний хувьд долоон хүүхэдтэй айлын дунд охин. Тиймээс ч миний гэр бүл гэх тодорхойлолтод эцэг, эх, ах, эгч, дүү нар минь багтана. Хэн нэгэн эр одоохондоо миний гэр бүлд багтаж амжаагүй л байна.
-Тэгэхээр би өөртэй чинь уулзахаараа нэг зүйлийг асууя гэж бодоод байсан юм. Сүүлийн үед өөрийг чинь жүжигчин Б.Тамиртай холбох болсон?
-/Инээв/. Би бас ямар нэгэн сэтгүүлч надаас ярилцлага авахдаа энэ талаар асуух байх даа гэж бодоод байсан юм. Цахим мэдээллийн хэрэгслээр энэ мэдээлэл нэлээн тархсан байсан. Шар мэдээллийн сайтууд намайг жүжигчин Б.Тамиртай холбож, “Гэгээн Муза”-гийн үеэр хамтдаа авахуулсан зургийг тавьсан байсан. Тэгвэл би үүнд албан ёсоор үгүй ээ, бидний хувьд зөвхөн уран бүтээлийн найзууд гэж хэлмээр байна. Найзууд маань надаас Тамираа та хоёр ямар учиртай юм гээд л асуугаад байсан. Үнэндээ бид хоёр зөвхөн уран бүтээлийн найзууд. Өөр ямар ч холбоо байхгүй.
-“Өдөр өдрийн нар”, “Аравт” зэрэг нэлээд кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Бүтээсэн дүрүүдийг чинь хараад байхад хурц араншин цухалзаад байдаг юм?
-Харин хүмүүс тэгж яриад байдаг юм. Уг нь би чинь амьдрал дээр их зөөлөн хүн шүү дээ. Уран бүтээлийн хувьд найруулагчийн надад оноосон дүрийг л амьдруулах үүрэгтэй. Ерөөсөө жүжигчин хүний үүрэг тэр шүү дээ. Яах вэ, гадаад төрхийн хувьд хурц, ширүүн харагддаг байж болох юм. Нүдээ жаахан тодруулаад будчихаар л харцаараа “шилбүүрдээд” байгаа юм шиг санагддаг байх. /инээв/
-УДЭТ “гурван Ганаатай”. Харин өөрийг чинь “Увс Ганаа” гэж дууддаг юм билээ?
-Үнэхээр тийм шүү. Манай театр “гурван Ганаатай”. СТА Д.Ганцэцэг эгч бид хоёрын нэр болон овгийн эхний үсэг адилхан. Хоёулаа Д.Ганцэцэг. Намайг жижиг Ганаа гэдэг байсан юм. Гэтэл манай Ганчимэг маань орж ирснээр жижиг гэх тодотголоосоо салаад “Увс Ганаа”, “өндөр Ганаа”, “бор Ганаа” гэх нэртэй болсон доо. Бид гурав чинь өрөөндөө сууж байгаад л Ганаа гээд дуудахаар нь зэрэг зэрэг хашгирна шүү дээ. Аль нь юм бэ гээд л.
-Ингэхэд хэзээ хамгийн сүүлд нутагтаа очиж амарсан бэ. Энэ зуны төлөвлөгөөнд нутгийн амралт багтсан байгаа юу?
-Миний хувьд жил бүрийн зун төрсөн нутагтаа очиж амардаг. Би улстөр, урлаг, спорт, бизнесийн хүрээний олон алдартнууд төрсөн Увс нутгийн охин гэдгээрээ бахархаж явдаг. Хүн гэдэг байгалийн амьтан. Тиймээс ч байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдрах ёстой. Энэ ч утгаараа миний хувьд төрсөн нутаг усандаа залбирч, байгаль дэлхийгээ шүтэж амьдрах юм бол аяндаа ажил үйлс нь бүтнэ гэж боддог. 2010 онд “Аравт” киноны зураг авалтын ажлаар нутагтаа очиж байсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй очиж амарсан. Энэ зун ч гэсэн нутагтаа очиж амрахаар төлөвлөж байгаа. Манай Увсын байгаль үнэхээр гоё шүү дээ. Монгол орны баруун хязгаар нутаг даа. Миний хувьд нутаг усандаа очиж, амраад ирэхээр хийморь сэргээд, нэг их сайхан болчихдог юм. Хөгшин хүн шиг юм ярьчихав уу даа. /инээв/
-Сүүлийн үед залуу уран бүтээлчид нийлээд театр байгуулаад ажиллах болж. Тухайлбал, жүжигчин Эрхэмээ УДЭТ-аас өрх тусгаарласан. Өөрт чинь ямар нэгэн театр, продакшнаас хамтарч ажиллах санал ирсэн үү?
-Ер нь миний хувьд аливаа зүйлдээ тууштай ханддаг хүн таалагддаг. Өөрөө ч тууштай байхыг хүсдэг. Тууштай зан л амжилтад хүргэнэ. Түүнээс биш өмнөх ажлаа бараагүй байж өөр зүйл дотроо бодож, сэтгэж явах нь утгагүй зүйл гэж боддог юм. Надад тийм санал ирээгүй ээ. Ирээдүйд юу болохыг би тааж мэдэхгүй. Тиймээс би болоогүй зүйлийн төлөө мөрөөдөж, санааширч суух шаардлагагүй. Оюутан байхдаа энэ том театрын босгоор алхах нь тухайн үедээ мөрөөдөл минь байлаа. Тэгээд ажиллахыг хүсч, мөрөөдөж явсан театртаа шалгалт өгөхөд тэнцсэн. Тэнцсэн тухай сонсоход их сонин, сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Тиймээс ч миний хувьд театртаа тууштай ажиллана гэж боддог. Яах вэ, залуу хүмүүс нэгдээд уран бүтээл хийж байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь уран бүтээлч хүн цаг үеэ мэдэрдэг байх ёстой. Мэдэрч чадвал амжилтад хүрэх болно. Тухайлбал, “Мөрөөдлийн театр”-ын хувьд анхны уран бүтээл нь үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан учраас цаашаа энэ энерциэрээ явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид тэднээс алдаа, муу муухайг нь олж харахыг хүсэхгүй байгаа байхгүй юу.
-Төсвийн цалин урлагийн байтугай эгэл жирийн нэгний хувьд ч амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй байна. Та нарын хувьд нууц биш бол хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
-Цалингийн хувьд мэдээж хэцүү. Бид төсвийн бусад ажилчид шиг л цалин авдаг. Өөрөөр хэлбэл, сардаа 500 мянган төгрөгийн цалинтай. Ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдарч байна даа. Гэхдээ миний хувьд өнөөдөр залуу хүн, надад маш их боломж байгаа учраас цалин чухал биш. Гагцхүү уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө хөгжүүлж, ахмад жүжигчдээсээ суралцах нь чухал. Бидний хувьд нэмэлт орлого олох арга нь реклам, кино. Гэхдээ жүжгийнхээ хажуугаар кинонд тоглох зав тэр бүр олдоод байдаггүй юм. Ямар сайндаа л “Өдөр өдрийн нар” киноны ажлыг их сургуулийн диплом, шинэ жүжгийн хажуугаар амжуулах вэ дээ. Тухайн үедээ маш их ачаалалтай байсан болохоор их хэцүү санагдаж байж билээ.
-Дахиж олон ангит кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?
-Үгүй ээ. Одоо миний хувьд сериал болсон гэж бодож байгаа. Өнөөдөр бүх телевиз, студиуд олон ангит кино хийж байна. Бараг заримыг нь үзэж амжаагүй байхад нөгөөх нь гарч байх жишээтэй. Тиймээс миний хувьд дахиж олон ангит кинонд тоглох бодолгүй байна.
-Ингэхэд өөрийг чинь уртын дуучин гэж сонссон юм байна. Бие даасан уран бүтээлээ хэзээ туурвих вэ?
-Миний хувьд СУИС-ийг жүжигчин, уртын дуучин мэргэжлээр төгссөн. Ямартай ч хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай байх ёстой гэж боддог. Багаасаа дуучин болно гэж хүсдэг байсан, нөгөөтэйгүүр би монгол хүн гэдэг утгаараа уртын дууны мэргэжлээр суралцсан. Учир нь уртын дуу бол биднийг дэлхийд таниулах үндэсний өв соёл. Тиймээс ч залуу хүний хувьд ч тэр монгол хүн гэдэг утгаараа уртын дуугаа сонгож суралцсан. Яваандаа уртын дуугаа дуулах бодол бий. Гэхдээ яг одоохондоо бие даасан ямар нэгэн уран бүтээл туурвиж амжаагүй байна.
-“Academy awards” наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшсэн байсан. “Аравт” киноны ганц эмэгтэй дүрийг та бүтээсэн байх аа?
-Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд надад “ийм дүр байна” гээд санал болгож байсан. Ямартай ч хоёр орны уран бүтээлчид амжилттай хамтран ажиллаж, киногоо хийж дуусгасан. Анх зохиолыг нь уншихад ганцхан эмэгтэй дүртэй гэхээр аймаар ч юм шиг, сүрдмээр ч юм шиг санагдсан. Гэвч дүрээ судлаад, багийнхантайгаа ойлголцоод ирэхийн цагт ганцхан эмэгтэй дүр гэдэг айдас маань алга болсон. Чингис хааны үед уламжлалт анагаах ухаанд гарамгай суралцсан оточ өвөөгийн ач охины дүрд тоглосон юм. Чингис хаан дэргэдээ байлгаж өөрийгөө болоод шадар туслахуудаа эмчлүүлэхийн тулд манай өвөөг авчир гэж арван цэрэгт үүрэг өгдөг. Товчхондоо, өвөөгийнхөө бүх чадварыг өвлөн авсан чадварлаг оточ эмэгтэйн дүр л дээ. “Аравт” киноны хувьд энэхүү наадамд 11 төрөлд нэр дэвшин өрсөлдөж байгаа. Дашрамд дурьдахад нэр дэвшин өрсөлдөж байгаа нийт уран бүтээлчиддээ амжилт хүсье. Энэ өдөр бол киночдын хувьд баярынх нь өдөр. Тиймээс ч нийт киночиддоо баярын мэнд хүргэе.
Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин