“Django Unchained” Хятадад дахин гарч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

“Django Unchained” Хятадад дахин гарч эхэлжээ

Холливудын нэрт найруулагч Куэнтин Тарантиногийн Оскарын шагналт бүтээл “Django Unchained” кино Хятад улсад нээлтээ хийх өдрөө техникийн шалтгааны улмаас цуцлагдсан ч сарын дараа буюу өчигдрөөс эхлэн тус улсын кино театруудаар дахин гарч эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Бээжин дэх “UME Cineplex cinema”-ийн нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр кино ийнхүү Хятадын кино театруудаар гарч эхэлсэн ч эхний хувилбараасаа нэг минутын хугацаагаар хасагдсан шинэ хувилбараар үзэгчдийн хүртээл болж байгаа гэнэ.

Харин киноны хугацаа ийнхүү багассаныг тэрээр “Django Unchained”-д садар самууныг  сурталчилсан байж болох зарим үйл явдлыг хассантай холбоотой байх хэмээн таамаглажээ. Өнгөрөгч сард Хятадад нээлтээ хийх байсан тус киног ийнхүү техникийн шалтгааны улмаас үзэгчдийн хүртээл болгохыг хориглосон ч тус улсын соёл урлагийн холбогдох газрууд садар самуун, хүчирхийллийг сурталчилсан гэж үзэн хориглосон бололтой хэмээн энэ үеэр эх сурвалжууд мөн мэдээлсэн байна.

Өнгөрөгч оны сүүлээр олон улсын театруудаар гарч эхэлсэн “Django Unchained”-д Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо гол дүрд нь тоглосон билээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж