Лондоны “Челси” багийн хагас хамгаалагч Фрэнк Лампард гэрээгээ нэг жилээр сунгахаар болсон талаар “The Тelegraph” сайт мэдээлжээ. Өдгөө 34 настай “Челси”-гийн төлөө 12 жил зүтгэж, амжилт, уналт бүхэнд нь хамт зүтгэсэн супер Фрэнк Лампард АНУ-ын Лос Анжелес Галакси багт тоглох нь тодорхой болоод байсан. Мөн үнэ, цалин хөлсөө ч тохиролцсон байсан юм.
Фрэнк Лампард өнгөрсөн долоо хоногт “Астон Вилла” багийн хаалганд хоёр гоол оруулснаар, 203 гоолтойгоор “Челси”-гийн бүх цаг үеийн мэргэн бууч болсон юм. Энэ үзүүлэлтээр Лампард Бобби Тэмблингийг нэг гоолын илүүтэй гүйцэж түрүүлсэн байна. Бобби Тэмблинг 1959-1970 онд “Челси” багт тоглож, 202 гоол оруулжээ.
Б.БИЛЭГ