Сонгуулийн хуулиар нэр дэвшигч нэрээ татах эрхгүй гэж олон нийт бодож байгаа. Гэхдээ хуулинд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй тохиолдолд нэрээ татах эрх нь бүрэн бий. Тийм ч учраас сонгуулийн салхи хаашаа ч эргэж болно. Хэдийгээр МАХН-ыг энэ удаагийн сонгуульд МАН-ыг балиашиглаж магадгүй гэх хүн олон байсан ч тэд өөрсдийн нэр дэвшигчдийг сонгож, тэр дундаа эмэгтэй хүн анх удаа сонгуульд сойж байгаа нь бас нэг зориг. Хэдийгээр МАХН-ын нэр дэвшигчийг өөлж өөнтөглөх хүн мэр сэр гарч байгаа ч тэднийхээр болж Н.Удвал нэрээ татна гэдэг мэдээж байхгүй.
Ардын намынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас томоохон үр дүн хүлээж буй. Тэгээд ч сүүлийн хэдэн жил дараалсан гурван сонгуульд тэд ингэж ялагдаж байгаагүй. Тэдэнд МАХН-тай тохиролцоонд хүрэхэд яг долоо хоног үлдлээ. Хэрвээ ямар нэгэн хэлэлцээ хийж чадахгүй бол оройтно.
2009 оны сонгуулиар нэрсийн жагсаалтыг илээр хянах боломж байдаггүй гэж шүүмжилж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 17-ын хоёр буюу “Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тус тусын нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан маягтаар хоёр хувь үйлдэж санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө” гэж заасан байдаг. Үүнийг зөрчиж байна гэсэн шүүмжлэл багагүй гарч байсан билээ. Баг, хорооны Засаг дарга нар нь улстөрийн албан тушалтнууд. Өөрөөр хэлбэл ямар нэгэн намын гишүүн. Хэрвээ тухайн нам нь сонгуульд ялалт байгуулбал түүний албан тушаалын өнөө, маргааш гэгээтэй болно. Тэгэхээр эдгээр хүмүүст сонгуулийн хамгийн том баримт бичгийг хариуцуулахаар хамгийн том маапаан гарна гэж ажиглагчид дүгнэдэг. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ байгууллагын судалгаагаар энэ асуудал нь маргаантай, сонгуулийн будлиан гаргах үндсийг тавьдаг гэж дүгнэлт хэсэгтээ бичсэн байна. Энэ удаад мөн л энэ хуулиар сонгууль явагдана. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй.
Ирэх зургадугаар сарын 6-наас өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг Хэсгийн хороонд хүргүүлнэ. Үүнээс өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлж нягтлах ёстой. Энэ жилийн тухайд цаг хугацаа нь ирэх сарын 1-нээс өмнө болж таарч байгаа. Хэрвээ иргэн та нэрсийн жагсаалтад ямар нэгэн маапаан гарсан байна гэж үзвэл гомдол гаргах эрхтэй. Гэхдээ зургадугаар сарын 16-наас өмнө. Хэсгийн хороонд чинь нягтлагдсан нэрсийн жагсаалт ирэх сарын 6-ны өдөр ирнэ. Тэгэхээр танд ердөө арав хоног байна гэсэн үг. Ямар нэгэн асуудал гарна гэж харвал долоо хоног ч байж магадгүй. Энэ хооронд бүх иргэн нэрсийн жагсаалттай танилцана гэдэг хэцүүхэн л хэрэг.
Хуулинд гоё заалт бий. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэнцвэртэйгээр сурталчилгаа цацна гэж. Өнгөрсөн сонгуулийн судалгааг сөхөөд үзье. Судалгаа хийсэн долоо хоногийн хугацаанд МҮОНТВ, UBS, 25 дугаар суваг, TV5, TV9 зэрэг телевизүүдийг судалгаанд хамруулжээ. Гадныхны ажиглалтыг харвал сонгуулийн сурталчилгаа сүүлийн жилүүдэд тэнцвэржих хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ олон улсын төвшинд хүртлээ удна хэмээн дүгнэдэг. Хамгийн гол нь телевизүүд тухайн нэр дэвшигчийн тухай аль намд харьяалагддагаас хамаараад сурталчилгааны материалыг түлхүү цацдаг гэсэн дүгнэлт бий. Бараг уламжлал болсон энэ шүүмжлэл энэ жил ч үргэлжлэх нь гарцаагүй.
Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 10-ны өдөр гурван нэр дэвшигчийн Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх
болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио,
телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн цаг, хуваарь баталжээ. Сурталчилгааны нэвтрүүлгүүд тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 24 хүртэл үргэлжлэх юм байна.
Тавдугаар сарын 22-ны өдөр гэхэд нэр дэвшигчид үнэмлэхээ нэгдсэн журмаар гардаж авна. Ингэснээр сонгуулийн үйл явц жинхэнэ утгаараа эхлэнэ хэмээн ойлгож болно. Мөн энэ өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх учиртай. Тэгэхээр тавдугаар сарын 17-ноос өмнө Хэсгийн хороод албан ёсоор байгуулагдсан байх ёстой. Тавдугаар сарын 29-нд гадаад оршин суугаа иргэдийг бүртгэх ажиллагаа дуусч, ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө нэрсийн жагсаалтыг тухайн улсын ЭСЯ-нд байрлах сонгуулийн хэсгийн хороонд хүргэх учиртай. Ингээд сонгууль болохоос яг нэг өдрийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа эхэлнэ.