Худлаа ярьдаг хүүхдүүдийн талаар судалгаа явуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Худлаа ярьдаг хүүхдүүдийн талаар судалгаа явуулжээ

Канадын Торонто хотын их сургуулийн Хүүхдийн судалгааны Институтын хийсэн судалгаагаар багадаа худлаа юм их зохиомжлон ярьдаг хүүхдүүд том болж, нас бие нь гүйцээд ирэхээр амьдралаа удирдан авч явах талаар илүү их боломж, гарц олдог болохыг тогтоожээ.
Тус Институтын захирал Канг Ли  “Худлаа хэлэхийг удирдаж буй тархины үйл ажиллагаа нь  тэр хүүхдийн  оюун ухааны хэмжүүрийн үзүүлэлтийг харуулж байгаа юм” гэж ярьжээ.
Канадын судлаачид 2-17 нас хүртлэх 1200 хүүхдийн зан байдлыг судласны үндсэн дээр багадаа худал зүйл зохиомжлон ярьж сурсан хүүхдүүд том болоод ирэхээр өөрийн амьдралаа бусдаас илүү хөгжүүлэх боломжтой болдгийг тогтоосон байна.
Судлаачид хүүхдүүд хэр зэрэг үнэнч шударга зан гаргахыг тогтоохоор нэгэн туршилт хийжээ. Тэд хүүхдүүдэд хандан та нарын ар талд тоглоом тавьсан байгаа тул эргэж битгий хараарай гэж захиад өрөөнд нь орхиод гардаг байжээ. Эргэж ирээд гуйсан хүсэлтийг хэрхэн биелүүлснийг тэд нараас лавлан асуугаад хариултыг нь нууцаар байрлуулсан видео бичлэгтэй тулган дүгнэлт хийдэг  байна.
Худлаа хэлэх чадвар нь “хоёр настай хүүхдүүдийн хувьд 5 хүүхдээс нэг нь, дөрвөн настай хүүхдүүдэд 10 хүүхэд тутмаас 9 хүүхэд, 12 настай хүүхдүүд бүгд ямар нэгэн хэлбэрээр худлаа хэлэх чадварыг эзэмшсэн байдаг нь ажиглагдсан юм” гэж доктор Ли тайлбарлажээ.
Доктор Ли “Эх, эцгүүд хүүхдээ худал хэлж байгааг ажиглаад сандрах хэрэггүй. Тэд худал хэлэх өвчин эмгэгтэй болохгүй” гээд “бараг бүх хүүхдүүд худлаа хэлдэг”, “харин ч тэд өөрийн хөгжлийн дээд түвшин рүү өгсөж байгаагийн дохио юм” гэж тайлбарласан байна.
Энэ талаар Лондоны Шинжлэх ухааны Музейн шинжээчид английн The Daily Telegraph сонины асуултад “эрэгтэйчүүд өдөрт дунджаар 3 удаа, эмэгтэйчүүд 2 удаа худлаа хэлдэг” гэсэн хариу өгчээ.
Мөн түүнчлэн хүмүүс өөрийнхээ ээжид бусад хүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн 25 хувь нь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь худлаа хэлдэг байна. Худлаа хэлсэн тохиолдол бүртээ эмэгтэйчүүдийн 82 хувь нь, эрэгтэйчүүдийн 70 хувь нь ухамсрын хувьд шаналж буйгаа мэдэрдэг байна. Худлаа хэлдэг шалтгааны талаар судалгаанд оролцсон бүх хүмүүсийн 75 хувь нь бусдын сэтгэлийг эмзэглүүлж шархдуулахгүй гэсэндээ худал хэлдэг гэж нотолсон байна.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж