Л.Пүрэвдорж банкаа удирдаж чадахгүй, төр түүнийг захирч дийлэхгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдорж банкаа удирдаж чадахгүй, төр түүнийг захирч дийлэхгүй болжээ

Монгол төрийн мөнгөний бодлогыг атгагч төв банкны үйл ажиллагаа нэг л үхээнц, сул дорой, удирдлагын менежмент муутай болсон нь даржин эдийн засагтай нийлээд айсуй хямралд шууд гараа өргөн бууж өгч буй дүр зураг харагдах боллоо. Банкны тухай хууль батлуулж авснаа аймаар том ажил амжуулчихлаа гээд байсан. Өнөөх нь Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэчихээд байна.  Монголбанкны өнөөдөр хийж байгаа ажил нь валютын дуудлага худалдаа. Түүгээрээ арилжаа хийхээ ч больж ор нэр төдий ажил болон хувирсан. Төрийн банк, Хөгжлийн банк гэхчлэн шинэ банкуудын асуудлаар толгой эргүүлж байгаад ар хударгаар нь”Анод”-ыг гэм зэмгүй өнгөрүүлээд зогсохгүй, араар нь нэлээн хэдэн банкийг тавиад туух мэх хэрэглээд байна уу гэсэн хардлага ч төрөх боллоо.

Арилжааны банкуудын хөрөнгийг нэмэгдүүлэх, банкуудыг хөрөнгөжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх лут төлөвлөгөө боловсруулаад Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж батлуулаад хэрэгжүүлж эхэлнэ гэсэн. Ингэснээрээ “90 хоногийн дотор мөнгө босгож чадах уу” гэж даажигнах мэт. Гэвч уг нүсэр төлөвлөгөөгөө олон нийтэд гэрэл цохиулснаас ч болсон уу, бас л бүлх залгисан мэт таг болов. Энэ хооронд махны үнэ тэнгэрт хадаж, инфляци өсч, иргэд ядуурсаар. Амьдрал эдийн засгийн өсөлт шиг нь зогсчихоогүй, үргэлжилж байгааг мэдэж байна уу, үгүй юу. Дээр нь Чайлмерс гэж нэг луйварчинг алдчихлаа гэх. Яасан арчаагүй төр гэхээрээ гадны луйварчинг барьж илрүүлчихээд алдчихдаг байна аа. Энэ бүхэнд амарлингуй яваа Монголбанкны ерөнхийлөгчийг Монголын төр захирч дийлэхгүй нь бололтой.

Монголбанкнаас төрсөн луйвар­чин, хууль бус хүмүүс түүгээр дуусах бус, дөнгөж эхэлж байгаа нь харамсалтай. “Гандирс”-ын хэрэгтэй холбогдуулан байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Энххуяг одоо хаана явна? Тэр Жорж Чайл­мерсийн хэргийг “судалж”  байсан бол явсан, суусан газрыг нь эрхбиш мэдэж, хуулийнханд зүг чигийг нь гаргаж өгөх учиртай. Хэрэв өөрөө түүнд худалдагдчихаагүй бол шүү дээ. АНУ-ын иргэн, “Стоунлей Интер­нэйшнл” компаний захирал Монгол Улсад 50 сая ам.долларын хохирол учруулчихаад байхад Монголбанкны захирлууд тайлан­гаасаа тас нуугаад сууж байсан биш билүү. Тэдний зарим нь одоо хэр нь юу ч болоогүй мэт ажлаа хийгээд явж байна. Уг хохирол  одоо 21 сая ам.доллар болон багассан. Гэвч удаа дараа мөнгөөр аргалан батлан даалтад гарсаар байсан энэ этгээд  эдүгээ оргон зайлаад эрэн сурвалжлагдаж байна. Түүний шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт болно. “Гандирс”-тай холбоотой шүүх хурлын үеэр Монголбанкны газрын захирлуудын нэг нь ч Монголд байгаагүй нь анхаарал татдаг. “Захирлын зөвлөлийн ирц бүрдэхгүй байхыг түүхэндээ анх удаа харлаа” гэж тус банкныхан ч ярьж байсан юм.  Түүнчлэн тухайн үед Монголбанкны Хяналтын газрын дарга байсан Ганбаатар авлигын хэрэгт холбоотой байж мэднэ гэж “Анод”-ын хохирогчид өгүүлдэг. Одоо тэр Эрх чөлөөний хөшөөнд сүслэн мөргөж их Америк гүрэнд эрдэм мэдлэгээ дээшлүүлж яваа гээд бод доо.

Монголын төр ийм л хүмүүст итгэж хөрөнгөө мануулж байна. Удир­дагч нь хүртэл аймхай, ар­гацаасан байдлаар өдөр хоногийг өнгөрүүлж  байгаа нь олны нүднээ ил байгаа гэм, зэм. Ажлыг хийж бус, хийхгүйгээр улсад хохирол учруулна гэж байдаг. Энэ аргыг  Л.Пүрэвдорж гайхамшигтай эзэмшжээ. Хэрэв тэр өөрийгөө улстөрч, эдийн засагч гэж үздэг бол хөгжлийн эцсийн зорилго нь түр зуур мөнгөжиж аваад дуусах биш, улс төр, эдийн засгийн тогтвортой урагшлах нөхцөлийг бүрдүүлэх явдал гэдгийг заалгасан баймаар юм. Төв банкийг удирдаж чадахгүйгээ Л.Пүрэвдорж удаа дараа харууллаа. Төр энэ хүнээ захирч чадахгүй бол өөрсдийг нь барьцаалахгүйгээр захирагдах, ажил хийдэг хүмүүсээр төв банкаа удирдуулмаар байна.

У.Оргилмаа.
Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж