Тэнэг Ю.Хатояма ба ухаантай С.Батболд

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Тэнэг Ю.Хатояма ба ухаантай С.Батболд

Японы Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга  Ю.Хатояма өөрийн хүсэлтээр огцорч гэнэ.  Зайлуул яасан юм бол гээд сайт ухаад үзтэл инээд хүрмээр шалтгаан байдаг байгаа.   Ерөнхий сайдаар ажиллаад найман сар болохдоо амласан ам­лалтаа хэрэгжүүлж чадаагүй тул тийнхүү уучлалт гуйгаад яваад өгч гэнэ дээ. Тийм тэнэг. Хэрвээ манайхан шиг Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн байгуулаад өлсгөлөн зар­лаад хэвтээд өгсөн бол мань хүн бүр саналаараа цаа­заар авахуулж   мэдэх нө­хөр байна л даа.  Яасан ха­туужилгүй, арга зальгүй, усан  толгой гэхээрээ ийм байдаг бай­на аа.  Гэтэл манай Зас­гийн газар амлалтаа бие­лүү­лээгүй хоёр жил болж бай­хад дажгүй сайхан байгаад л байна даг. Ард түмэн нь ам­лалтаа нэхээд уйлж дуулаад,  загнаж зүхсэн ч ажрахгүй шүү дээ. Үүнийг л  улс төрийн хатуужил,  Чингисийн удмын эр зориг гэнэ.  Бас Ерөнхий сайдын хувьд монгол эрийн шийр зааж  болд мэт давтагдсан төрийн хар хүн учраас элдэв муусайнуудын хэл амыг тоохгүй урагшилж байна гэж магтана. Гэтэл өнөө муу Хатояма байхгүй. “Хөөе чи  амлалтаа биелүүлэхгүй байна. Огцорвол таарна” гээд нэг самуурай орилчихвол гүй­цээ. Нүүр ам нь халуу ша­таад, өвдөг нь чичрээд тонголзож ирээд л “Миний буруу,” гээд огцорчихож бай­на.  Японы Улсын Ерөнхий сайд  “амал­санаа биелүүлэх ёс­той” гэж боддог бол Монгол Улсын Ерөнхий  сайд “амлалтыг заавал биелүүлэх ёстой биш”  гэж боддог.  

Нэг нь худлаа ярьсандаа гэмш­дэг бол нөгөө нь худлаа ярих нь хэвийн үзэгдэл гэж дүгнэдэг байна.  Ийм ялгаатай. Сэтгэлгээний асар хол зөрүүтэй. Гэтэл бас нөгөө Хатояма чинь бас зөвхөн амлалтаас  болж огцроогүй болж таарлаа. Юу юу гэнэ вэ. Улс төрийн бодлого мөнгөнөөс ангид  байх ёстой ч гэх шиг. Тэгэхийн тулд бид өөрсдөө нэр цэвэр байхын тулд огцорч байна ч гэнэ үү дэмий юм баахан ярьж. Тэгтэл тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь (Манай МАХН-аар бол Хүрэлсүх дарга гэсэн үг) Ичиро Озава  мөнгө төгрөгтэй холбоотой дуулианд орооцолдсон гэнэ. Хатояма ч бас түүнийг огцрохыг уриалаад  “улс төрийн намыг цэвэр ариун байлгахын тулд ийм алхам хийхээс аргагүй” гэжээ. Хөгийн юм гэж бас байх юм аа. Тэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн тэрбумын асуудалд орооцолдож дуулиан дэгдээсэн нь Ю.Хатоямад ямар хамаа байна аа. Манай Ерөнхий сайдын танхимд бүр хэд  хэдээрээ зээглээд сууж байхыг яах гээ тэгвэл.  Монголд тийм асуудалд орооцолдож шүүх, цагдаагаар явсан хүнийг эрийн хугархай, хатуужсан улстөрч хэмээн үнэлж ирээдүйг нь зөгнөн баясацгаадаг бол золигийн япончууд тийм юмнаас ичдэг, санаа зовдог байх нь. Хачин юм шүү.  Манай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга авлигын хэргээр шоронд ял эдэлсэн, манай Ерөнхий сайдын танхимд банк, газар буудай юу л байна тэр бүгдийг идэж шамшигдуулсан нөхөд сүрэглэн эх орноо өөд нь татаж байхад япончууд даанч дээ. Хамгийн гол нь Японы сонинууд Хатоямагаа огцорч байгааг бүр  дэмжих аястай. “Амлалтаа биелүүлээгүй Ерөнхий сайдтай улс төрийн хариуцлага тооцож чадлаа” ч гэнэ үү. Хөөе нөгөө “усанд унасан нохойг нэмж зодохгүй” гээд огцорч байгаа  хүнийг шууд магтаад эхэлдэг ёс заншил  тэнд алга.  За, тэгэхээр үндсэндээ Япон, Монгол хоёрын ялгаа нэг иймэрхүү. Ю.Хатояма тэнэг, манай С.Батболд ухаантай юм байна. С.Батболд гэмт хэрэгт орооцолдож байсан хүмүүсийг яаж ийгээд  ажиллуулж чадаж байна. Харин Ю.Хатояма чадсангүй. Өмнөөс нь ичиж байна гэнэ. С.Батболд амлалтыг хэрэгжүүлэхгүй  байх нь хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа бол Ю.Хатояма байж боломгүй зүйл гэж байна. Манай хүн яасан ч огцрохгүй дээ гэж өөрийгөө үнэлж байхад нөгөөдөх нь чадлаа мэдээд яваад өгч байна. Төсөв алдагдалтай, нийгмийн халамж хэрээс хэтэрсэн, өрөнд баригдсан, түүнийгээ бонд гаргаж нөхнө гээд Япон манай хоёр ижилхэн л байна даа.  Харин Ерөнхий сайдууд нь өөр, өөр  юм даа.

Л.Мөнхбаясгалан.
Улстөрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж