300 тэрбум төгрөгийг үргүй зарсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

300 тэрбум төгрөгийг үргүй зарсан гэв

Өнөөдөр манай улсад 148 хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ХЗХ болон арилжааны банкуудад мөнгөө хадгалуулснаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахад зориулж төрөөс 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байлаа. Хойшид энэ мэтээр татвар төлөгчдийн  мөнгийг үргүй зарцуулахгүй гэсэн баталгаа байгаа эсэхийг Эдийн засгийн Байнгын хорооны хурлын үеэр онцлон асуусан юм. Санхүүгийн зохицуулах газрын дарга  Д.Баярсайхан хариулахдаа:

-“Одоо ажиллаж байгаа 148 хадгаламж зээлийн хоршоонд 26 мянган гишүүн элссэн байдаг. ХЗХ-дын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 47 тэрбум төгрөгт хүрсэн. Тэдгээрийн олгосон зээл дотор эрсдэлтэй, чанаргүй зээл тун бага хувийг эзэлж байгаа. Анх манай улсад 871 ХЗХ бүртгэлтэй байсан. Тэдгээрээс 300 гаруйг нь шүүхийн журмаар татан буулгасан. Он цагийн шалгуураар 2008 онд 200 гаруй ХЗХ үлдсэн байсан бол одоо 148 үлдээд буй юм. Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд эдгээр ХЗХ-оос улс орныг доргиосон, их хэмжээний хохирол төлүүлэх асуудал дахин яригдахгүй. Үүний төлөө бид ажиллаж ирсэн. Асуудал үүслээ гэхэд компани дампуурах тухай байхаас төрөөс хохирол нөхөн төлүүлэх асуудал сөхөгдөхгүй. Одоогийн ХЗХ-дын тал хувь нь суманд ажиллаж байна. Удирдлага нь 10-аад аж ахуйн нэгжид харъяалагддаг. Хамгийн том нь “Номин” ХЗХ байх жишээтэй. Тиймээс төрд дарамт учруулсан асуудал гаргахгүй гэдгийг амлаж байна” гэлээ.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж