ДБЭТ-т өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь театрын 50 жилийн ойн өдөр маргааш тохиох юм. Хагас зууны түүхт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан өнөөдөр ойн арга хэмжээгээ “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний хурлаар нээсэн бол 14.00 цагт “Улаан хивсний ёслол”-оор үргэлжүүлэн, үе үеийн театрын уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ.
Театртай амьдралаа холбосон алтан үеийн уран бүтээлчид, арын албаныхан, хөгжим, хоор, балет, гоцлол дууны ангийн уран бүтээлчид улаан хивснээ алхаж, ягаан театртаа зочиллоо. ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, уран сайхны удирдагч Гавьяат жүжигчин А.Дашпэлжээ, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ДБЭТ-ын балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагва, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Ч.Гунгаасүх, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Ардын жүжигчин Ч.Мөнхшүр зэрэг агуу театрын нүүр царай, нэрийн хуудас болсон олон арван шилдэг уран бүтээлчид, мөн энэ цагийн түүхийг бичилцэж яваа залуу чадварлаг уран бүтээлчид бүгд хуран чууллаа. 50 жилийн түүхийг бичилцсэн, бичиж яваа, бичих тэдгээр уран бүтээлчид ийнхүү баярынхаа нээлтээ хийлээ. Мөн энэ өдөр “Уран бүтээлийн түүхэн зураг” гэрэл зургийн үзэсгэлэн, “Гэгээн оргил өөд” 50 жилийн ойн баримтат кино тус тус нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж байна. Театрын хамт олон маргааш 50 жилийн өмнө тайзнаа анх эгшиглүүлсэн алдарт П.И.Пайковскийн “Евгенин Онегин” дуурийг толилуулна.