Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан товч танилцуулга хийсэн юм. Арилжааны банкуудаас бусад санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тус хороо үнэт цаас, даатгал, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-дыг хариуцан ажиллаж байсан бол өнгөрсөн оноос шинээр батлагдсан хуулийн хүрээнд албан журмын даатгал, ХАА-н биржийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн чиг үүрэг нэмэгдсэн аж.
2012 онд шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтэд онцгойлон анхаарч ажиллалаа хэмээн Д.Баярсайхан дарга хэллээ. ХЗХ-ны тухай шинэ хууль, компанийн засаглалын тухай хуулийг хэрэгжүүлэхэд гол хүчээ зарцуулжээ. Түүнчлэн дээрх хуулиуд болоод Зээлийн батлан даалтын тухай хуультай холбогдох дүрэм, журмуудыг батлан гаргажээ.
Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хороо 2016 он хүртэлх үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг баталсан байна.
Санхүүгийн салбарын үзүүлэлтийг ашиг, орлогынх нь хувь авч үзвэл өссөн дүнтэй гарсан гэв. Хувьцааны борлуулалт 109 тэрбумаас 145 тэрбум болтол нэмэгдэж, ногдол ашиг тараалт ч өсчээ. Өнгөрсөн онд 30 компани 79 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Даатгалын салбарын үзүүлэлт өссөн дүнтэй гарч, ББСБ-ын тоо нэмэгдэн 212-т хүрчээ. Өнөөдрийн байдлаар 148 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнгөрсөн даваа гаригт хуралдаад тус хороо санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар бүтээлч ажилласан гэж дүгнэжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хамгийн хурдтай хөгжих ёстой хөрөнгийн зах зээлийн салбар яагаад хөгжихгүй байна вэ. Хөрөнгийн зах зээлд итгэх иргэдийн итгэл сэргэхгүй байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, иргэдийн итгэлийг сэргээх талаар ямар арга хэмжээ авсан бэ хэмээн лавлаж байлаа. СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хүлээгдэж байна. Хөрөнгийн зах зээлийн үндэс суурь болсон энэ хууль батлагдвал энэ салбар хөгжих дэд бүтэц нь бий боллоо гэсэн үг. Иргэдийн итгэлийг сэргээх гол арга нь иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар тодорхой мэдлэг, мэдээллийг олгох юм хэмээн хариулсан юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, 148 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаа гэж байна. Тэд дампуурч, иргэдийн олон тэрбум төгрөгийн хадгаламжийг төрөөс төлөх асуудал гарах юм биш биз гэж асуусан.
Нийт 148 ХЗХ иргэдээс 47 тэрбум төгрөгийн хадгаламжийг татан төвлөрүүлээд байгаа бөгөөд улс нийтийг доргиосон хохирол нөхөн төлөгдөх асуудал яригдахгүй хэмээн СЗХ-ны дарга Д.Баярсайхан хэллээ. ХЗХ-дын чанаргүй зээл олголт жилээс жилд буурч байгаа бөгөөд СЗХ-ны хяналт, зохицуулалт дор үйл ажиллагаагаа явуулж байгаа гэлээ. Эдийн засгийн байнгын хорооноос СЗХ-нд үүрэг болгосон хэд хэдэн заалт бүхий тогтоол гарах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.