![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/604dfb17d581ed8f/7afdad4ad6394774original.jpg)
Улсын хэмжээнд даатгалын 18 компани байгаа гэнэ. Эдгээрийн нэг нь амьдралын даатгалын, бусад нь ердийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг. Даатгалын компаниудын нийт актив 81 тэрбумаас 108 тэрбум төгрөг, хураамжийн орлого нь 47 тэрбумаас 89 тэрбум төгрөгт хүрчээ. Даатгалын салбарын орлого ийн өсөн нэмэгдэж байгаа боловч ДНБ-д эзлэх хувь тун ядмаг ажээ. Хөгжингүй орнуудад ДНБ-ий 5-6 хувийг даатгалын салбар эзэлдэг бол манайд ердөө 0,44-0,57 хувьтай гарч байгаа юм. Тиймээс энэ хувь хэмжээг хоёрт хүргэхээр зорьж байгаагаа СЗХ-ныхон хэлж байна. Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ Монгол Улсын хэмжээнд 212 бий. Өнгөрсөн онд 195 байсан нь энэ онд 212 болон нэмэгдсэн төдийгүй нийт активын хэмжээ нь 205 тэрбум төгрөгөөс 252 тэрбум болон нэмэгджээ. Хойшдоо өсөн нэмэгдэх хандлага хөдөө орон нутагт ажиглагджээ. ББСБ болон хадгаламж зээлийн хоршоодын хувьд чанаргүй зээлийн эзлэх хувь буурч байгаа нь олзуурхууштай хэрэг гэнэ. Одоо хэвийн ажиллаж буй 148 хадгаламж зээлийн хоршоодын хувьд төрд дарамт учруулахаар үйлдэл гаргахгүй гэсэн баталгааг СЗХ-ны дарга хэллээ. Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд СЗХ-ны хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацааг яаравчлан шийдэхгүй бол хүлээгдэж буй ажил их байна гэсэн саналыг хэлж байлаа. Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаад чамгүй хугацаа өнгөрсөн ч сунгах шийд гараагүйгээс ажил цалгардах байдал гарч эхэлжээ.
СЗХ-ны 2012 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган тус хорооны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Телейхан хэлэхдээ:
-Тайлант онд СЗХ үндсэн үүргийн дагуу ажиллажээ. Гэвч санхүүгийн дэмжлэг дутмаг хэвээр байгаагийн дээр үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн хөгжил хангалтгүй, хаалттай төдийгүй нээлттэй компаниудад компанийн засаглал хөгжөөгүй, нийт олны хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй байна хэмээн хэлж байлаа. Тиймээс цаашид санхүүгийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг харгалзан хөдөө орон нутагт өөрийн гэсэн төлөөллийн ажилтантай болох асуудлыг УИХ-аар шийдүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн зүгээс иргэдэд олгох хувьцааны талаар, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагтай ажиллахыг сануулав. Хөрөнгийн зах зээлийн салбарт гарч буй өсөлтүүд нь төгрөгийн ханшийн уналтаас гарч ирсэн тоо болохоос бодит чанарын өсөлт биш гэдгийг С.Бямбацогт гишүүн хатуу шүүмжилсэн юм. 1990 онд байсан хувьцаат компанийн тоо, арилжааны хэмжээ буурсан. Монголын Хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар тракторын хурдаа хаяж, Ландын хурдаар ажиллана гэж байсан амлалтын биелэлтийг ч мөн нэхэж байв. Түүнчлэн ерээд оны цэнхэр ягаан тасалбар болоод хүмүүсийн хувьцаагаар хөл дээрээ боссон Анод, Зоос банкны дампуурлаас үүдсэн иргэдийн үл итгэх байдлыг сэргээхийг шаардлаа.