Хөдөлмөрийн сайдын айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайдын айлчлал өндөрлөв

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын БНСУ-д хийсэн ажлын айлчлал тавдугаар сарын 10-13-ны хооронд үргэлжилж өчигдөр амжилттай өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өчигдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Панг Ха Нам-тай уулзаж, Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу БНСУ-д ажилтан илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажилласан монгол иргэн тухайн үйлдвэртэйгээ хамтраад эх орондоо жижиг, дунд үйлдвэрлэл байгуулбал хөнгөлөлттэй зээл олгох, Солонгос технологийг Монгол оронд нутагшуулах зорилгоор импортоор орж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээрх тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх. Мөн энэ хүрээнд ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо үзэсгэлэн худалдаа зохион байгуулах. БНСУ-д мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг мэргэжлийн үнэмлэхтэй болгох, Монголд ирснийх нь дараа тухайн эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу богино хугацааны Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид сургах. Ингэснээр Монголд өрнөж байгаа бүтээн байгуулалт томоохон төсөл хөтөлбөрт БНСУ-д ажиллаж байсан иргэдээ татан оролцуулах зорилго тавьж, энэ чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар боллоо. Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд энэхүү санамж бичгийн ач холбогдлыг “Монгол Улс анх 2004 онд энэхүү санамж бичгийг байгуулах хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээхээр байгуулж байсан бол тав дахь удаагаа үзэглэж байгаа энэхүү санамж бичигт БНСУ-д эрэлт хэрэгцээтэй гэхээс илүү Монголд хэрэгтэй мэргэжил салбарт иргэдээ ажиллуулж, мэргэшүүлэх, эргээгээд эх орныхоо бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт татан оролцуулах зорилго тавьсан өндөр ач холбогдол бүхий санамж бичгийг байгууллаа” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Анх энэхүү санамж бичгийг 2004 онд Монгол Улс, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хооронд байгуулснаар монгол иргэд тус улсад албан ёсны зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин бүрдэж, хоёр жил тутамд хоёр улсын сайд нар баталгаажуулж гарын үсэг зурж иржээ. Тэгвэл улс орны хөгжлийг дагаад энэхүү санамж бичгийн утга агуулга баяжиж, Монгол Улс иргэнээ гадаадад илгээхдээ зөвхөн ажиллах хүч болгох бус эх орондоо хэрэгцээтэй мэргэжилтэн болгож, бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах боломж эрэлхийлснээрээ өндөр ач холбогдол агуулж байгаа юм. 

Уулзалтын үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Панг Ха Нам-тай Шинэчлэлийн Засгийн газраас гадаад орнуудад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийнхээ хөдөлмөрийг хэрхэн дэмжих бодлого боловсруулж, ажиллах болсон талаарх яриаг өрнүүлж, энэ далимаараа хууль бусаар ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийг буцаан татаж автал баривчилж саатуулахгүй байх хүсэлтийг тавив. Шинэчлэлийн Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх бол бизнесийх нь эхлэл болгож санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр тоног төхөөрөмж импортолбол Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан нь нэг талдаа хууль бусаар оршин сууж байгаа монгол иргэдээ эх орон руу нь татах эдийн засгийн нэг хөшүүрэг болгосон арга хэмжээ болохыг онцолсон юм. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Панг Ха Нам “Хууль бусаар амьдарч байгаа аль ч орны иргэдийг БНСУ-аас гаргах зорилгоор хууль эрх зүйн орчинг чангаруулсан тул Монгол Улс иргэдээ аль болох шуурхай байдлаар татах нь чухал байна” хэмээн мэдэгдлээ. Мөн хоёр улсын гэрээний дагуу хөдөлмөр эрхлэхээр ирж байгаа иргэдэд тавих шалгуурыг өндөрсгөх. Тэр дундаа дунд нь зуучлагч орж, гэрээгээр ирж байгаа иргэдээс “үйлчилсэн” хэмээн хөлс авч байгаа байдалд хязгаарлалт тавьж, хяналт тавьж ажиллахыг хүссэн юм. Гурав дахь хүсэлт нь хөдөлмөрийн гэрээ нь дууссан иргэдийн гэрээг дахин урт хугацаагаар сунгаж ажиллах нь БНСУ-ын Ажил олгогч нарын зүгээс тавьж ирсэн шаардлагад илүү нийцэж байгаа. Сүүлийн үед гэрээгээр ирж байгаа монгол ажилчдын дийлэнх хэсэг нь анх удаа БНСУ-д ирж байгаа иргэд зонхилох болсон нь ажилдаа дадах, туршлагажихаас эхлээд цаг алдаж буйг дуулгаснаар сайд нарын уулзалт өндөрлөв.

БНСУ-д “Е” сүлжээг нээлээ

Айлчлалын хүрээнд болсон томоохон арга хэмжээний нэг нь БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвд тус бүр “Е” сүлжээний цахим самбар байршуулсан явдал байлаа. БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд эх орон руугаа буцахаар шийдсэн бол тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төв дотор байрлах “Е” сүлжээний цахим самбараас сонирхож буй ажлын байрны мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм. Ажлын байрны мэдээллийг мэргэжлээр хайх боломжойгоор гадна засаг захиргааны нэгжээр хайж болно. Хэрэв ажил олгогчийн зүгээс тавьсан ажлын байрны нөхцөл таалагдвал холбогдох утас руу залгаж бүртгүүлэх боломжтой. Энэ нь гадаад дахь иргэд ажлын байрны мэдээлэлтэй танилцах боломжийг ийнхүү хамгийн ойрхоноос олгож буй хэлбэрийн нэг. Анх “Е” сүлжээг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 130 гаруй дүүрэгт байршуулж нээлтийг нь хийсэн бол энэ удаад хилийн дээс давж анхных нь БНСУ-д нээгдлээ.

Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Нямдаваагийн тайлбарласнаар энэхүү “Е” сүлжээний ажлын байрны шинэ мэдээлэл долоон минут тутамд сэлбэгдэнэ.
 
“Е” сүлжээний нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, БНСУ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Нямдаваа, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нар оролцлоо.

Г.ДАРЬ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж