Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Завгүй Д.Болд

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд хамгийн сүүлд Монгол поп урсгалаар “Монгол поп 2” цомгоо фенүүддээ дэлгэн, клипүүдээ хүргэсэн. Тэрээр хэдийнэ дараагийн уран бүтээлдээ оржээ. Энэ бол түүний R&B болон поп урсгалаар хийж байгаа шинэ цомог юм. Одоогоор зургаан дуу нь бэлэн болсон байгаа бөгөөд тун удахгүй цомгийнхоо анхны бүтээл “Би дурламаар байна” дуугаа клипийн хамт хүргэх нь ээ.

Мөн тэрээр "Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачилсан “The Mongolian Live Sessions” төсөлд оролцож байгаа юм. Болд “Арга билэг” хамтлагийн ахлагч, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй хамтран өөрийн хит дууг дуулж байгаа гэсэн шүү. Харин ямар дуу гэдгийг нь төслийнхөн одоохондоо нууцалж буй.

Дуучин Д.Болд “Камертон 2” шоуны ялагч залуусын продюсераар ажиллаж байгаа юм. Тус хамталгийхан ирэх зургадугаар сард Сингапурыг зорьж, англи хэлний хоёр сарын сургалтад хамрагдах бөгөөд тэндээ шинэ цомгийн бичлэгээ хийлгэх юм байна. Харин хамтлагийн нэр, шинэ цомгийн талаар ирэх наймдугаар сард олон нийтэд зарлана хэмээн дуучин Д.Болд дуулгалаа.

Дуучин Д.Болд бие даасан уран бүтээл, продюсерын ажлаа амжуулахын зэрэгцээ хамтлагийнхаа 18 жилийн ойг ирэх зургадугаар сард тэмдэглэхээр төлөвлөөд байгаа гэнэ лээ. 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж