МИАТ-ийн хэргийг тусгаарлаж шалгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хэргийг тусгаарлаж шалгахаар болжээ

МИАТ компанийн зарим захирлууд, тэдний хамсаатнуудад холбогдох дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр мөнгө угаасан хэргийг Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоохоор нийслэлийн шүүхэд өчигдөр шилжүүлсэн юм.

Тодруулбал, 2006-2011 оны хооронд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын гэмт хэрэг дэх оролцоо нь хангалттай баримтаар тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл дээрх хэрэгт холбогдсон захирлуудын үед ТӨХ-г удирдаж байсан, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн гишүүн Д.Сугарын асуудал хэрхсэн нь анхаарал татсан сэдэв хэвээр байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компаниийг үүсгэн байгуулж, их хэмжээний мөнгийг гадаад руу шилжүүлсэн асуудалд оролцоотой гэх Н.Галт нарын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Гэхдээ Д.Сугарын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх хэвээр байгаа, Н.Галт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй учир мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхэд хүндрэл үүссээр байна.

Энэ хэрэг шалгагдаж байх хугацаанд УЕПГ-аас Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд хоёр удаа хүргүүлсэн боловч Цэцээс “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэх хариуг өгсөн юм. Хуулийн байгууллагынхны хэлснээр мөрдөн байцаалтын явцад Д.Сугарыг холбогдуулан шалгах  хангалттай үндэслэл байгаа гэдэг боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний “малгайн” дор асуудлын ард үлдээд байгаа юм. Харин Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан гэх С.Батхишиг өдгөө батлан даалтад гараад байгаа аж.

Тэгэхээр МИАТ-ын хэргээс “сугарч” үлдсэн гэх Д.Сугарын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх гэх хамгаалалт үгүй болсон цагт түүнийг үргэлжлүүлэн шалгах нь ээ.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж