Харин 45 дугаар сургуулийн хойд талын 73 дугаар дэлгүүр орж чихэр, печень эргүүлж явахад оройхон дөрөв, таван цагийн үед явган хүний зам уруудан нэг их гоё эгч алхаж явахтай таарна. Сүүлдээ түүнийг балетчин Оюун гэдгийг мэддэг болсноос хойш тэр дэлгүүр орох бүртээ нөгөө гоё эгч явж байхгүй байгаа даа гэж боддог болсон юм. Нэг удаа бас л ангиараа балет үзэв. Тэгэхэд олон гоё балетчдийн дундаас нөгөө эгчийгээ олж харж чадсангүй. Бүгд хоорондоо адилхан харагдаад танихын аргагүй. Балетчин Оюун эгч аль нь вэ гээд асуучих зориг зүрх ч байсангүй дээ. Балет үзсэн болоод залхуурсхийгээд харьсан. Хэрвээ тэр үед хэн нэг нь “Тэр Оюун шүү дээ” гээд хэлээд өгсөн бол арай л өөрөөр, дурлаж үзэх байсан болов уу. Зурагтаар бол зөндөө харсан л даа. Намын том хурал, гадаадын зочдод хүндэтгэл үзүүлэх тоглолт гээд аль сайнаа урдаа барих концерт бүрт балетчин Ю.Оюун бүжиглэдэг байсан билээ.
Дунд сургуулиа төгсөөд хойшоо сургуульд явлаа. Нэг жил хэлний бэлтгэлд суугаад Ереванд хуваарилагдаж очмогцоо мэргэжлийн хөгжим, дуурь, балетийн тухай ямар ч ойлголтгүй нөхөр хөгжмийн ертөнц хэмээх ёроолгүй далай руу цүл пал гээд яваад орчихсон юм. Тэндхийн монгол оюутнуудын 90 хувь нь хөгжмийн дунд, дээдэд сурдаг болохоор бид ч хүссэн хүсээгүй хөгжмөөр амьсгалж эхэлсэн. Дан хөгжмийн том, жижиг олон төрлийн зохиолууд, дуурь, балетийн учрыг олж, ухаанд нь суралцаж эхэлсэн. Хөгжмийн сургуулийн найзуудаа дагаад соёлын их уурхай Армян орны аль гоё газраар явдаг байлаа.
Ингэж хүн төрөлхтний соёлтой харь нутагт танилцсан бид эх орондоо ирмэгцээ хамгийн түрүүн Дуурийн театрт очиж билээ. 1992 он гэдэг бужигнааны жил. Урлагийнхан мэргэжлээ хаях уу, байх уу гэдэг дээрээ тулаад байсан хүнд үе. Багадаа үзээд ойлгоогүй, таалаагүй “Учиртай гурав”-аа дахиж цоо шинээр үзмээр санагдаад очтол үзэгч цөөн, тоглох үгүйгээ шийднэ гэж байв. Танхимд 45 хүн байх бөгөөд тасалбар авсан нь 25 гэнэ. Яах бол доо гэж байтал нэг хүн гарч ирж долоовор хуруугаараа үзэгчдийг тоолж байгаад орлоо. Ашгүй нэг их удалгүй хонх цохиж, дуурь эхэллээ. Хөгшин ээжийн маань аялдаг дээр үеийн гоё дуунууд яваад байх юм. “Ижил хоёр шувуу шиг ижилдээд хоёулаа сууя даа” гэх зэрэг хэзээний танил бүр цээж болсон үг, аялгуутай дуунууд энэ дуурийнх юм байна гэдгийг ойлгоод, иймхэн юм мэдэхгүй ямар шараа юм бэ, тэгээд бас монгол хүн гээд байгаа шүү гэж өөрөөсөө их ичиж билээ. Хорвоогийн явдлыг ухаарах болсноосоо хойш үзсэн анхны дуурь энэ. Дараа нь хоёр, гурван жилийн хойно санагддаг юм “Хунт нуур”, “Жизель” гэх мэт балет үзсэн. Тэр бүхэндээ өнөөх гоё эгчийг харуулдаад л байдаг байлаа. Гэтэл нэг удаа завсарлагааны үеэр балетчин Ю.Оюун үзэгчдийн танхимд байхыг харлаа шүү. Нас жаахан явснаас өнөө гоё янзаараа. Бүжиглэхийг нь харах юмсан гэж бодогдоно. Гэтэл тэрээр хэдийнэ тэтгэвэртээ гарсан байлаа. Гэхдээ сүүлд нэг чухал ойн тоглолтоор тэрээр цагаан хун болж гарахыг нь үзсэн юм. Ёстой л тэнгэрийн дагина буугаад ирсэн мэт ариун тансаг. Хөнгөхөн, бариад авах гэвээс хөвөн тоглоом шиг зөөлөн болов уу гэхээр сэтгэгдэл төрж байлаа. Одоо театрын балетчин Г.Цолмон тийм сэтгэгдэл төрүүлдэг. Ингэж багаасаа сэтгэлдээ тээж явсан “ясны” уран бүтээлчийн бүжиглэхийг бодитоор харж сэтгэлийн цэнгэл эдэлж билээ.
1996 оны “Алтан намар” хөгжмийн наадмыг ДБЭТ-т үзсэнээс хойш уг театрын амьдрал, уран бүтээлчдийг илүү их сонирхох болсон юм. Яагаад гэхээр тэр тоглолтод өмнө нь өнөө 45 хүн байсан шиг биш, бараг танхимын талаар үзэгч цугласан байсан нь ихэд таалагдсан юм. Олон үзэгчийн зүгээс уран бүтээлчдэд очих эерэг энергийн хүч юм уу, ямар ч байсан тэр жилээс театрын амьдралыг илүү сонирхох болсон юм. Тэгэхэд миний бие сэтгүүлч болоогүй байлаа. Гэсэн ч зөнгөөрөө энэ гоё сайхан урлагийг хүмүүст хүргэх ёстой юм байна гэдгийг мэдрээд байв. Яаж, ямар шугамаар гэдгийг эрж хайж явсаар өдгөө театрын ерөнхий удирдаачаар ажиллаж буй Н.Туулайхүү маэстротой танилцаж, энэ тухайгаа хэлэхэд тэрбээр мөн энэ талаар өдөр шөнөгүй бодож, өвчилж явдгаа хэлээд хамтарч жижиг хэмжээний сонин гаргаж олон нийтэд тараах юм боллоо. Хоёулаа хамт урлагийнхантай уулзана, надтай нэртэй, бүтээлтэй уран бүтээлчдийг танилцуулна. Гэхдээ мөнгөгүйдээд бидний хүсэл, зүтгэл талаар болсон л доо. Гэсэн ч шантралгүй чухам энэ л хүслээр мэргэжлийн чиг баримжаагаа өөрчилж сэтгүүлч болохоор суралцлаа. 1998 онд Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлчийн диплом аваад өнөө л урлагаа сурталчлах хүслээр “Ардын эрх” сонинд орж байлаа. Тэр жил шиг санаж байна, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийн хөгжмийг Морин хуурын чуулгад хөрвүүлж бичээд. Морин хуур давамгайлсан найрал хөгжмөөр “Кармен” сюит тоглож, түүнд нь балетчин Б.Сэргэлэн Кармений дүр бүтээсэн тэр тоглолтыг үзсэнээр балетад дахин дурласан юм. Балетчдыг эрхэм дээд мэргэжилтэй хүмүүс гэж тэр үеэс хүндлэх болсон. Балет үзэх бүрийдээ гоцлоочдыг нь онилж суусаар одоо гавьяат болоод буй Г.Цолмон, Д.Алтанхуяг, мөн балетчин, багш Х.Мөнгөнхөлөг нарыг сэтгэл зүрхэндээ олзолж тэднээр бахархах болсон. Ардын жүжигчин Б.Жамъяндагва гуайг Монголд балетийн урлаг хөгжүүлсэн эцэг-уран бүтээлч гэж шүтдэг. Х.Гэрэлчимэг гавьяатын өнөө хэр цуцаж шантралгүй хөдөлмөрлөж явааг биширдэг.
Дуурийн уран бүтээл, уран бүтээлчдийн тухайд судлаач, шүүмжлэгчид олонтаа бичдэг. Миний мэдэж, мэдэрснээр ДБЭТ-ын дуучид, тэр дундаа гоцлоочдыг, Итали улс дахь Монголын өргөмжит консулаар олон жил ажилласан Алдо гуай нэгэн цагт монголчуудаар бахархахдаа зүйрлэж хэлсэнчлэн тал нутгийн язгууртнууд гэж боддог. Л.Цогзолмаа, Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, А.Загдсүрэн, Ц.Дагванамдал, Д.Пүрэвсүрэн, А.Хавлааш, Д.Банди, Х.Уртнасан гээд бидний үеийнхэн өлгий сүүнээсээ салаагүй байхад тайз эзэгнэн таахалзаж байсан алтан үеийнхэн энэ театраас олноор төрж гарсныг түүхээс бид мэддэг. Түүний араас Б.Мөнхшүр, А.Долгор, Б.Жавзандулам тэргүүтэй дараа үеийнхэн залгана. Дуурийн гоцлооч Д.Ганбат агсан ганцаараа нэгэн зурвасхан үед цойлон гарч ирсэн. Харин өнөө цагийн нас залуу, цус шингэн авьяас чадвар халгисан дуучид өөрсдийгөө талын язгууртны чинээнд хараахан бодож байгаагүй байж болох ч тэд одоо үеийнхний, нийт монголчуудын бахархал. Эдүгээ ДБЭТ-т 26 гоцлол дуучин бий. Тэдний хэн нь ч хаана ч Монголынхоо нэрийн хуудас болох бахархалт уран бүтээлчид билээ.
Симфони найрал хөгжим, найрал дуучид, тайз, гэрэл, хувцас загвар, оёдол, маркетинг, үйлчилгээнийхэн гээд дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болсон уран бүтээлчид, ажилтан, ажилчдын хүчээр хүн төрөлхтний соёлын их өв дуурь, балет, хөгжмийн сор болсон бүтээлүүдийг үзэгч олондоо хүргэсээр байна. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын ухаан, авьяас, чадвар, хөдөлмөр, зүтгэлийн үр болсон үндэсний дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдээр үзэгч олныхоо оюуныг цэнэглэж, сэтгэлийг төвшитгөж, сэтгэлгээний царыг тэлж, соёлыг хэмжсээр ирэв. Хүн төрөлхтний бүтээн туурвисан дуурь, балетийн бүхий л оргил бүтээлүүдийг өнөөдөр театрт тоглож байна. Хөгшин Европ, зэргэлдээх Орос, холын Америк, өмнөд их гүрэнд төрсөн гайхамшигт хөгжим, симфониудыг цөмийг нь хөгжимчид эгшиглүүлж байна. Байгуулагдаж хөгжсөн 50 жилийн туршид үнэхээр л хүн төрөлхтний гурван зуунд туулсныг товчлон эзэмшиж, эзэмдэж чадсан хүчирхэг монголчууд энэ л театрыг өнөөдрийн түвшинд авчирчээ.
Дуурийн театрын ягаан байшин өнгөө хэд хувиргавч өр доторх нь өөрчлөгддөггүй. Өнөө л урлагийн бурхад чуулж, уран бүтээл ундарсан ариун сүм хэвээр оршдог. Өөрөөр яаж ч байлгахын аргагүй өнө мөнхөд ихэмсэг, уран бүтээлчийг ч, үзэгчийг ч хэн нь хэн бэ гэдгийг хэлээд өгдөг шалгалт, шалгуурын ордон. Театр өөрийн гэсэн үнэртэй. Тэр үнэр илүү гоё болох үе бий. Бас хааяа жаахан саармагжиж бүдгэрсэн байх нь ч бий. Танил дотно тэр үнэр бүтэц найрлагаараа байх ахуйд бүх юм болдог. Хүүхэд эхийгээ санахаар үнэрийг нь санагалздагийн адил үзэгч театраа хүсэхээр мөн л үнэрт нь дуудагддаг билээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин