Хадгаламж банк хөгжлийн дараагийн шатанд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Хадгаламж банк хөгжлийн дараагийн шатанд шилжинэ

Дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг шат дараалалтай нэвтрүүлж уламжлал шинэчлэлийг хослуулан хөгжиж байгаа Хадгаламж банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Баянхангайтай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

-Өнөөдрийн Хадгаламж банк гурван жилийн өмнөх Хадгаламж банкнаас хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Бид ууган Хадгаламж банкны уламжлалт үйлчилгээ болох орон сууц, нийтийн аж ахуй, нийгмийн халамж, тэтгэвэр, хадгаламжийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэж, тэдний цаг завыг хэмнэж амьдралыг хялбарчлах дэвшилтэт технологид суурилсан цахим банкны үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байна. Өнөөдөр Хадгаламж банк Монгол Улсын бүх аймаг, сумдад 500 гаруй салбар нэгжтэй, 3000 гаруй ажиллагсадтай, 1 их наяд гаруй төгрөгийн активтай, салбартаа хамгийн том дүрмийн сантай, харилцагч нарын итгэл хүлээлгэсэн үндэсний банк болсон байна.

-Энэ амжилтад юу нөлөөлсөн бэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд бид дотоод нөөц бололцоогоо бүрэн ашигласнаар системийн нөлөө бүхий банк болж чадсан. Бидний амжилтыг гадаад дотоодын байгууллагууд үнэлсэн байдгаас Ази номхон далайн бүсийн шилдгүүдийг 3 жилд нэг удаа шалгаруулдаг олон улсын The Asian Banker сэтгүүлийн “Шилдэг менежменттэй банк”, Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг 2012 оны “ТОП 5 БАНК”-ны 3-рт шалгарсан байдаг. Үүний цаана 2010 онд үйл ажиллагаа нь доголдож эхлэж байсан хоёр жижиг банкийг нэгтгэн үндэсний хэмжээний томоохон банк болгохын тулд жил бүр банкны дүрмийн санг тогтвортой нэмэгдүүлж 84 тэрбум төгрөгт хүргэсэн хувь нийлүүлэгч Ш.Батхүү, чанаргүй зээлийн хэмжээг 91 тэрбум төгрөгөөр бууруулж ажилласан чадварлаг Монгол удирдлага мөн бидэнд итгэл хүлээлгэсэн эрхэм харилцагчдаа дурьдах хэрэгтэй.

-Танай цаашдын хөгжлийн бодлогын тухайд?

-Бид 2010 оноос хойш чанаргүй активын хэмжээг 91 тэрбум төгрөгөөр бууруулж, дэд бүтэц, мэдээлэл технологийн чиглэлээр13 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийж, боловсон хүчнээ чадваржуулж хөгжлийн дараачийн шатандаа бэлтгэж ирлээ. Энэ хугацаанд бидний ирээдүйн өсөлтийг тогтвортой хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжих гадны хөрөнгө оруулагчдын нарийн судалгааг олон улсын байгууллагатай хамтран хийсэн. Монголын арилжааны томоохон банкууд гадны хөрөнгө оруулалтын тусламжтай хурдацтай өсөж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байдаг. Тиймээс Хадгаламж банкны хувьд хөгжлийн дараачийн шатанд шилжихэд бэлэн болсон тул цаашдын өсөлтөд томоохон гадны хөрөнгө оруулагч шаардлагатай юм.

-Хөрөнгө оруулагчид ямар шаардлага тавигдах вэ?

-Банкны тогвортой өсөлтийг хангаж, хэтийн зорилгодоо хүрэхэд гүүр болох олон улсад нэр хүндтэй байгууллага байна. Бид 2013 онд багтаан эдгээр шаардлагыг хангасан гадны хөрөнгө оруулагч татаж, хяналтын багцыг буюу 51 дээш хувийг Монголын талын эзэмшилд үлдээнэ. Хөрөнгө оруулагчдыг зохистой тоонд барьсанаар эрсдлийг бууруулж, компанийн ил тод засаглал хэрэгжиж, үйл ажиллагаа улам үр өгөөжтэй болно.  Товчхон хэлбэл харилцагч нарт хамгийн шилдэг үйлчилгээг хамгийн таатай нөхцлөөр санал болгож зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлж тэргүүлэгч банк болно гэсэн үг юм.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж