Банкуудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Банкуудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас арилжааны 14 банкинд өнгөрсөн сард шалгалт явуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлсэн байна.

ШӨХТГ-аас арилжааны банкуудад зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаатай албан шаардлагыг маргааш хүргүүлэх аж. “Өмнө нь банкуудын зөрчлийг арилгах тухай асуудал яригдаж, анхан шатны шүүхээс арилжааны банкуудыг зөрчлөө арилгах тухай шийдвэр гарч байсан юм билээ. Харин давж заалдах шатны шүүхийн хариу банкуудын талд гарсан байдаг. Тухайн үеийн ШӨХТГ-ын удирдлагуудын буруугаас болж Улсын дээд шүүхэд хандалгүй өнгөрсөн юм билээ. Харин одоо бид иргэдийн эрх ашгийн төлөө энэ зөрчил, дутагдлуудыг заавал арилгах болно” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм.

Банкуудад илэрсэн зөрчил, дутагдлуудыг дурьдвал,

  • Арилжааны банкууд нь аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгох явцдаа тэдгээрээс зээл олгосны шимтгэл нэг хувийг авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн зөрчсөн.
  • Зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалууд хэт их, зарим төрлийн  мэдээлэл нь давхардсан, заавал баталгаажуулах онц шаардлагагүй бичиг, баримтыг цөөлөх шаардлагатай бөгөөд зээл олгоход авч байгаа төлбөр, хураамжийг үйлчлүүлэгч өөрөө хариуцдаг нь “Өрсөлдөөний тухай” хуулийн 12.1.10-д заасныг зөрчиж байна.
  • Зээл болон хадгаламжийн үйлчилгээ авах үед үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд хүүг хэрхэн тооцдог талаар хангалттай танилцуулга хийдэггүй, хүүг жилээр тооцсон бөгөөд тухайн сард ногдох хүүг хэрхэн тооцох талаар бодит мэдээлэл өгөхгүй байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2 “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, мөн түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1-д заасан Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхийг зөрчсөн.   
  • Арилжааны банкууд гэрээний загварыг урьдчилан баталж салбар  нэгжүүддээ тараасан байх бөгөөд банкны ажилтанууд тэдгээр гэрээний нөхцлийг шууд тулгах замаар гэрээ байгуулж буй нь “Өрсөлдөөний тухай” хуулийн 12.1.10-д заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглох тухай заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон.
  • Карт эзэмшигч тухайн банкны  теллерээр үйлчлүүлэн картнаасаа бэлэн мөнгө авахад бэлэн зарлагын шимтгэл нэрээр төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай” хуулийн 12.1.10-д заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглох тухай заалтыг зөрчиж байна.  
  • Мөн түүнчлэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс арилжааны банкуудад хандан ПОС машинаар буюу худалдаа үйлчилгээний газруудад картаар  төлбөр хийж буй тохиолдолд пин код асуудаг болгох талаар албан шаардлага хүргүүлжээ.
Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж