Америкийн “Goldman Sachs”, “JP Morgan” банкны удирдлага өөрийн ажилтнуудыг тагнаж байсан хэмээн “Bloomberg” агентлагийг буруутгав. Банкныхан санхүүгийн зах зээлийн мэдээллийг шуурхай авч байх зорилгоор “Bloomberg”-ийн тусгай төхөөрөмжийг түрээслэн ашигладаг бөгөөд тус агентлагийн сурвалжлагчид энэхүү төхөөрөмжөөрөө дамжуулан банкны ажилтнуудын хувийн мэдээллийг авдаг байжээ. Их Британийн “The News of the World” сонин алдартай хүмүүсийн утасны яриаг сонсдог байсан нь илэрсэнтэй төстэй дуулиан ийнхүү дэгдэв. Ялгаа нь гэвэл америк сурвалжлагчид банкныхныг өөрсдийнх нь мөнгөөр тагнадаг байжээ.
Хоёр том дэлгэц, товчлуур бүхий нэг гараас бүрддэг “Bloomberg”-ийн терминалыг хэрэглэдэггүй Уолл Стритийн санхүүч, арилжаачин бараг байдаггүй. “Bloomberg” санхүүгийн мэдээлллийн зах зээлийн томоохон нийлүүлэгч бөгөөд 315 мянган ийм терминалыг бусдад түрээслүүлдэг байна. Түрээсийн үнэ нь жилийн 20 мянган доллар гэж бодвол “Bloomberg” эндээс жилдээ зургаан тэрбум доллар олдог. Хэдийгээр үнэ өндөр ч “Bloomberg”-ийн үйлчилгээ эрэлт өндөртэй. Терминал хэрэглэгчид мэдээлэл авахаас гадна санхүүгийн мэдээллийн сүлжээнд холбогдоно. Санхүүгийн өчүүхэн мэдээлэл л хувьцааны үнийн асар том хөдөлгөөнд хүргэх нь бий тул мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр чухалчилдаг нь мэдээж. Гэхдээ “The New York Post” сонины ажилтнуудын саяхан олж мэдсэнээр “Bloomberg”-ийн терминалыг хэрэглэгчид хийж байгаа үйлдлээ бусдаас бүрэн нуух боломжгүй бөгөөд “Bloomberg”-ийн ажилтнууд терминалаараа дамжуулан зарим санхүүч, банкир, арилжаанд оролцогчдын хувийн мэдээллийг нууцаар үзэх бололцоотой гэнэ.
“The New York Post” сонинд бичсэнийг үзвэл “Goldman Sachs” банкны удирдлага “Bloomberg” агентлагт хандаж, ажилтнуудыг нь үнэхээр тагнадаг бол үүнийгээ зогсоохыг хүссэн байна. Агентлагийн нэг сурвалжлагч нэг банкир терминалдаа ойрд яагаад холбогдохгүй байгаагийн учрыг банкныхнаас лавласнаар “Goldman Sachs”-ын удирдлагад дээрх сэжиг төржээ. Хожим тодорхой болсноор “Bloomberg”-ийн ажилтнууд терминалд хэн холбогдсон холбогдоогүй гэдгээс ч илүү их зүйлийг мэдэх бололцоотой байсан байна. Тухайлбал хэрэглэгчид терминалын аль функцийг хэдэн удаа ашигласныг мэддэг байжээ. Түүгээр барахгүй аль мэдээг үзэж байгааг нь ч харж болдог хэмээн зарим хэвлэлд бичсэн байна. “Bloomberg” аль хуудсан дээр дарж байгаа хүртэлх, хэрэглэгчдийнхээ терминал дээр хийж буй бүх үйлдлийг хянаж чаддаг хэмээн “Gawker” сайт бичсэн бол үйлчилгээний албатай харилцсан хэрэглэгчдийн түүх “Bloomberg”-ийн сурвалжлагчдад нээлттэй байдаг, заримдаа нийлж уншин инээлддэг хэмээн “Quartz” бичээд “Тухайлбал Холбооны нөөөцийн сан буюу Америкийн Төв банкны захирал Алан Грийнспэн компьютертэй харьцахдаа яаж хөглөдөг байсан тухай унших сонин байлгүй яахав” гэжээ. “Business Insider” сэтгүүлд бичсэнээр “JP Morgan” банк ч мөн “Bloomberg”-т хандсан байна. Хэрэглэгчдийн мэдээллийг хянах явдал сурвалжлагчдын ажилд хэрхэн тус болдгийг энэ банкинд тохиолдсон жишээ сайхан харуулж байна. Эрсдэлтэй арилжаа хийгээд банкиндаа 4.4 тэрбум долларын хохирол учруулсан Бруно Иксилийн тухай “Bloomberg” л хамгийн түрүүнд мэдээлсэн билээ. “JP Morgan” банкны нэрээ хэлээгүй эх сурвалж “Business Insider” сэтгүүлд ярьснаар бол “Bloomberg”-ийн ажилтнууд Б.Иксилийн халагдсан гэдгийг мэдэхдээ терминалд холбогдсон түүхээр нь хөөж мэдсэн гэнэ. Бусад нарийн ширийн зүйлийг олж мэдэх нь ч “Bloomberg”-ийнхний хувьд ердөө техникийн ажил байсан байна. Дээрх эх сурвалжийн хэлснээр “Bloomberg”-ийнхэн банкирууд руу өөрсдөө утастаж, терминалдаа яагаад холбогдохгүй байгааг нь ил цагаан асуудаг байжээ.
“Bloomberg”-ийн энэ явдал зөвхөн хувийн хэвшлийнхний дургүйцлийг төрүүлээд зогсохгүй бололтой. АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ асуудлаар мөрдөн шалгалт явуулахаа амласан бол Сангийн яам ч анхааралдаа авахаа мэдэгдсэн байна. Терминалыг дэлхийн бараг бүх төв банкны удирдлага, тэр дундаа Холбооны нөөцийн сангийн захирал Бен Бернанкэ хэрэглэдэг нь асуудлыг улам сонирхолтой болгож байгаа юм.
Үнэнийг хэлэхэд үйлчлүүлэгчдийнхээ хайлтын болон бусад мэдээллийг хянадаг компани олон бий. Гэхдээ олж авсан мэдээллээ хэрэглэх бололцоог ажилтнууддаа олгодог нь ганц “Bloomberg” болж байгаа бөгөөд өөрсдөө ч буруугаа хүлээжээ. “Bloomberg”-ийн Ерөнхийлөгч Дэн Докторофф өчигдөр мэдээлэл гаргаж, үйлчлүүлэгчдийн талаарх мэдээллийг сурвалжлагчиддаа үзүүлэхийг хориглосноо зарласан байна. Гэхдээ энэ дуулиант явдалтай холбоотойгоор хэн нэгнийг халсан эсэх талаар мэдээлсэнгүй. Харин ч нууц мэдээллийг хадгалах асуудал хариуцсан албан тушаал шинээр бий болгожээ.
“Goldman Sachs” банкны хувьд “Bloomberg”-ийн дотооддоо авсан арга хэмжээ сэтгэлд нь нийцсэн бололтой. “The Wall Street Journal” сонинд бичсэнээр бол тус банк “Bloomberg”-тэй хамтарч ажиллахаа ямар боловч зогсоохгүй гэнэ. Ажилтнуудынхаа мэдээллийг бусдад ашиглуулсны улмаас ихээхэн хохирол хүлээсэн байж болзошгүй “JP Morgan” банкны тухайд яах нь одоогоор тодорхойгүй байна. Бруно Иксилийн дуулиант арилжааг олон нийтэд ил болгосон явдал “JP Morgan” банкинд ихээхэн хохирол учруулсан болохыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь “Bloomberg” энэ мэдээг цацсан даруйд арилжаачид “JP Morgan”-ы эсрэг бооцоо тавьж эхэлсэн билээ. Хэрвээ энэ хоёр үйл явдал хоорондоо холбоотой нь нотлогдвол “Bloomberg”-ийн тагнуулын хэрэг цаашид улам дуулиантай үргэлжлэх нь мэдээж юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин