Үүний дараа Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэхүү зээлийн хэмжээ найман тэрбум иен (85 сая ам.доллар) хүртэл, ам.доллар эсхүл иенээр олгох бөгөөд зээлийн хугацаа 11.5 жил байхаар тусгасан байгаа аж. Зээлийн эх үүсвэрийг дотоодын арилжааны банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийн хүсэлт дээр үндэслэн тэдгээрт зээл олгох хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Байнгын хорооноос зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргаж асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг Байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн талаар шинэчлэлийг дэмжиж байгаа бөгөөд татварын хуулийг боловсронгуй болгох нь татварыг тогтвортой байлгахад чухал юм. Тиймээс энэ чиглэлд Сангийн яам анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.
Байнгын хорооны дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан “Оюутолгой”-д шалгалт хийх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.