До Цэнджав: Сэтгүүлчийн эр зоригийг дагаж нийгэм соргог болдог

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

До Цэнджав: Сэтгүүлчийн эр зоригийг дагаж нийгэм соргог болдог

Монголд сэтгүүл зүй үүсч бий болсон  өдөр жил бүрийн  гуравдугаар сарын 6-нд тохиодог. Үүнтэй холбогдуулан Монголын сэтгүүлзүйд олон жил нухлуулж, бараг мөс долоохоос бусдыг хийж сэтгүүлчийн зовлон жаргалыг бүрэн амсаж явсан нэгэн эрхмийн үгийг сонсох нь мэргэжил нэгтнүүдэд маань ч уншигчдад маань ч илүүдэхгүй болов уу? гэж манай редакц шийдсэн юм. Хийсэн  ажлаараа ч, бүтээл туурвилаар ч жинтэй байр эзэлдэг  “Хөх жавар”, тууж өгүүллэгийн ном, “Чонын алтан шагай”, роман, “ Он цагийн шастир”  ном, мөн  “Хэвлэл мэдээллийн менежмент”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” зэрэг олон бүтээлээрээ талархал хүлээсэн МУИС-ийн багш доктор /Ph.D/ профессор,  Д.Нацагдоржийн  шагналт зохиолч, сэтгүүлч До. Цэнджавтай уулзаж ярилцлаа.

-Тантай  Монголд сэтгүүлзүй мэндэлсэн энэ өдрийн талаар асууж ярилцлагаа эхэлье?

-За тэгье. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсны хувиар энэ өдөр миний хувьд чухал тэмдэглэлт өдөр болдог. Ер нь монголчуудын үндэсний сэргэн мандалтад ч маш чухал өдөр дөө. Түүхчид, судлаачид 1911 оны ”Цагаагчин гахай жилийн хувьсгалын өдөр”   нэрлэж байна. Монголчууд манж, хятадын нөлөөнөөс гараад ёстой л үүлэн чөлөөний нар  мэт хэдхэн жилийг үзсэн юм. Тусгаар тогтнож бие даах шиг эрхэм юм юу байхав. Бүх юм хэцүү байсан ч хүнд гэж бодолгүй  баярлаж хөөрч байгаад л олон зүйлийг хийжээ. Энд үндэсний гэх бүх юм дэлгэрсэн. Төрийн тамгыг хүртэл заавал монгол чулуучин урлаач хийх ёстой, тэр бүү хэл заавал монгол газрын цагаан хашаар хийх ёстой гэж байгаад л хийсэн. Үнэндээ тэр үед байтугай одоо ч хаш хэмээх тэр чулуугаар ядмаг бололтой. Үүнтэй адил хэдэн сор болсон үндэсний сэхээтнүүд  1913 оны яг энэ өдөр “Шинэ толь” хэмээх сонин гаргасан юм. Энэ үеэс л Монголд анх удаа сэтгүүлзүй өлгийнээсээ гарчээ. Хяналт гэдэг юмыг мэдэх ч үгүй, хэлье гэснээ хэлж байснаараа нэлээд чөлөөтэй байсан юм. Сүүлдээ ихэс дээсийн дургүйг хүргэж хаагдахад хүрсэн байх. Ямарч байсан Цэвээний Жамсран, Д.Бодоо зэрэг томхон сэхээтнүүд энэ үеэр төрсөн.

-Социалзмын үед энэ өдрийг тэмдэглэж байгаагүй биз дээ.

-Үгүй ээ. Үүнийг мэддэг ч үгүй байсан. Мэдүүлэхийг  хүсдэг ч үгүй байв. Тэр 1911 оны хувьсгалыг хар шар феодлуудын эрх мэдлийн төлөө тэмцэл л гэж мушгидаг байсан. Тэгээд 1920 онд мэндэлсэн “Монголын үнэн” сонины төрсөн өдрийг хувьсгалт хэвлэлийн өдөр гэж тэмдэглэж иржээ. Одоо цаг өөр болсон учраас даруй арав жилээр урагшлуулж “Шинэ толь” үүссэнээр Монголд  сэтгүүлзүй үүссэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Монголын сэтгүүлзүйн түүхийг судалдаг эрдэмтдийн хувь нэмэр их бий. Энэ ийм учиртай. 

-Одоо танд хандсан асуултаа тавья. Монголын сэтгүүл зүй хэмээх үзгэн зэвсэгтний фронт руу орсон үеэс тань яриагаа эхлэх үү?

-Үүнийг яривал нэлээд урт түүх болно.  Дундговь аймгийн Өндөршил суманд дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Шүүмж зохиолоор оролдохын хажуугаар тухайн үеийн төвийн сонингуудад өгүүлэл материал, ялангуяа найруулал чамгүй л  бичиж байлаа. “Үнэн” “Залуучуудын үнэн”  сонинд л бичдэг байлаа. Тухайн үеийн хөдөөгийн амьдрал нийтлэлийн бодлогод чухал хэрэгцээтэй  байсан юм байлгүй дээ. Миний бичсэн бүхэн саадгүй гардаг байсан. Тун жаахан талбайд мэргэжлийн болоод мэргэжлийн биш маш олон хүн бичиж олон дамжлага дамжиж байсан үед шүү дээ. Зарим хүний арав хорин зүйлээс нэг хоёрхон юм гарвал дээдийн айхтар өндөр босготой даваа байсан. Үүнд их урамшсан. Найруулал тухайн үед маш хүчтэй төрлийн нэг байлаа. Зарим хүмүүс найруулалыг “Сэтгүүлзүйн хаан” ч  гэж ярьж, бичиж  байсан удаа бий. Найруулал бичээгүй хүн жинхэнэ сэтгүүлч биш гэж үзэх нь ч байсан. Одоо тэр төрөл байхгүй болжээ. “Тэнэг хүн тэнгэрээс жаахан доогуур” гэгчээр үүнийг нь ч бараг мэддэггүй байж. Үнэндээ найруулал том сэтгүүлчдийн хэрэг явдал болохоос шаврай нарын хэрэг биш байсан юм билээ. Намайг уран зохиол болоод сэтгүүлзүйд гаргаж өгсөн ачтан бол тэр найруулал гээч төрөл юм. Мэдээ, сурвалжлагыг тааруу зүйл гэж байгаа биш, түүнийг бичээд байвал төдий л анхааралд өртөхгүй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Хорь гаруй найруулал бичсэн. Тэр үед улсаас найрууллын уралдаан чамгүй зарладаг байсан. Энэ уралдаанаас нэлээд олон шагнал хүртсэн дээ. Цалингаасаа илүү шагнал авна.

-Найруулал яахлаараа тийм сүрхий төрөл байж таарахав?

-Бичлэгийн ур чадвар шаардана. Сэтгүүлзүйдээ бол роман гэсэн үг. Уран зохиол руу сүрхий ойртсон төрөл. Бараг баримтат өгүүллэг гэж болно доо. Хүмүүс дуртай уншина. Миний найруулал амьдралд арай ойр, хүний дотоод руу орсон байдаг гэж сэтгүүлзүй судлаач Л. Норовсүрэн доктор “Монголын нийтлэл” сурах бичигтээ дурдсан байсан. Нэг их гоёчилдоггүй, цагаан магтаал биш, зөрчил бэрхшээлийг цуг харуулахыг хичээдэг байсан.

-Энэ тэгээд таныг сэтгүүлч болоход нөлөөлсөн хэрэг үү?

-Бараг тийм дээ. Энэ нь тухайн үедээ анхаарал татаж, тэр үеийн “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч  Ц.Намсрай гуай намайг судлуулахаар Г.Дамба гэдэг нэртэй сэтгүүлчид томилолт өгч явуулсан байдаг юм. 70 гаруй настайдаа улсын хошой аварга цол хүртсэн  чөлөөлөх дайны үед зэвсгийн албаны дарга байсан Бандгай гэдэг хүний тухай “Бүргэдийн жигүүр цуцахгүй” гэсэн найруулал надад хэрэг болсон. Төвийн сэтгүүлчдийн зориглон хийж чадахгүй байгаа зүйлийг хөдөөний хүн хийгээд байна.  Нас шүд нь хэр юм болоо, хөгшин хүн байвал тэгэсхийгээд хаячих, арай гайгүй залуу, өсөхөөр хүн байвал сониндоо авч ажиллуулах санал тавь гэсэн даалгавартай ирсэн юм билээ. Бажуудайн Ганбат л хэлсэн байх.  Ингэж явсаар байгаад Намсрай гуай ажлаасаа өөрчлөгдөж оронд нь Л.Түдэв гуай Ерөнхий эрхлэгч болсон. Л.Түдэв гуай “Үнэн” сонинд ирүүтээ ёстой бараг зуун хувийн өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Үүнийг үнэндээ сэтгүүлзүйд хийсэн “хувьсгал” ч гэж болох юм шүү.  Үүн дотор сэтгүүлчдийг залуужуулах асуудлыг эрс хүчтэй тавьсан. Үүн дотор л би багтаад сэтгүүл зүй рүү орж ирсэн дээ

-Сэтгүүл зүй гэдэг хэн дуртай хүний амар иддэг хоол биш юм шиг санагддаг. Асар өндөр босготой айл шүү дээ. Энэ их айлын оргилуудын нэг болно гэдэг мэдээж амаргүй даваа байсан байх?

-Оргил нь ч гэж юу юм бэ дээ. Олон хүн гомдох байлгүй. Ямар ч байсан бэлээс нь жаахан дээшлээд уулын оройг харсан гэхэд болно. Монголын сэтгүүл зүй бол том сэтгүүл зүй. Үнэхээр гайхамшигтай бичгийн хүмүүсүүд монголын сэтгүүл зүйг хөл дээр нь босгоод зогсоогүй олон улсын өмнө нүүр улайхааргүй хэмжээнд хүргэжээ.  Үзэл сурталжиж, үнэнд хагас дутуу хүрч байсан ч гэлээ дээхнэ үед сэтгүүл зүй шиг нэр хүндтэй салбар гэж ховорхон байсан. Үе үеийн сэтгүүл зүй Монгол Улсын хөгжил дэвшил юм юманд  онцгой гавьяа байгуулсан гэж болно.  Сэтгүүл зүй гэдэг бол таны хэлдэгээр үнэхээр өндөр босготой байж. Оруулахгүй гэсэн хүнээ оруулахгүй шүү. Тийм хэд хэдэн зохиолчийг мэднэ.  Харгис хатуу ертөнц.  Бидний үед нэг хүний ард гурван хүний нөөцтэй байсан. Нөөцөнд байсаар нүд аньсан тохиолдол бишгүй бий. Ийм л шалгууртай байж. Зарим хүн энэ айлын босгоор давах нь байтугай бариулд нь хүрээд гарвал баярлаад гардаг байсан гэхэд хилсдэхгүй. Ард түмнээрээ дүн тавиулдаг маш цөөхөн мэргэжил байдаг. Ер нь сэтгүүл зүй ард түмний хяналтанд байдаг шүү дээ. Төрийн өмнө хариуцлага хүлээхгүй зөвхөн нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг өөр мэргэжлийг тэр бүр мэдэхгүй.

-Уран зохиол бол бүр ч хатуу даваатай?

-Сэтгүүлч заавал зохиолч байх албагүй. Зохиолч бас сэтгүүлч байх албагүй. Энэ бол хоёр өөр мэргэжил. Хоёр өөр хөдөлмөр юм. Гэхдээ үзүүрээрээ нийлж болдог. Нэг нь нөгөөгөө  хөгжүүлж баяжуулж болдог ийм л төрөл юм. Хэрэг дээрээ монголын зохиолчид монголын сэтгүүл зүйд мартахын аргагүй гавьяатай улс шүү. Мэргэжлийн сэтгүүлчид бий болоогүй үед хэдэн зохиолчид л сэтгүүл зүйн тиг дүрсийг зурж эхэлсэн. Сэтгүүл зүй  ч уран зохиолд  тус болсон. Яагаад гэвэл сэтгүүл зүй бол  амьдралын сайн муу, сайхан муухай бүхэнтэй 24 цагийн турш холбоо хэлхээтэй байдаг. Ийм учраас амьдралыг мэдэхийн хувьд сэтгүүлчдийн хөдөлмөр үнэхээр атаархмаар. Америкийн сэтгүүл зүйд “Жинхэнэ сэтгүүлч хүн бол хэрэг гарахаас  30 минутны өмнө тухайн газар очсон байх ёстой” гэж. Амьдрал дээр ийм явдал тэр бүр таарахгүй ч гэсэн сэтгүүлч цагийг үнэлж чаддаг, мэдэрч чаддаг, зөнч мэргэн, шуурхай байхыг л хэлж байгаа юм. Миний уран бүтээл сэтгүүл зүйд асар их үүрэг гүйцэтгэсэн. Өдөр тутмын таван сониныг үүсгэлцэж,түүний гал тогоог нь бариагүй бол олигтой уран бүтээл гарахгүй ч байж болох юм. Сэтгүүл зүй надад үнэнийг шүтэх үзлийг буй болгосон. Уран сайхны үнэн заавал үнэн байх албагүй. Гэхдээ үнэнд ойртсон сэтгэмж байх учиртай. Сэтгүүлзүйн лабораторид үзэгдэхгүй харагдахгүй юм гэж байхгүй. Нийгмийн лугшиж байгаа судсыг олж барихгүйгээр сэтгүүл зүй ч, уран зохиол ч бараг байхгүй дээ. Хиймэл юм хиймэл л байдаг.

-Та монголын томоохон их дээд сургуулиудад багшилж байсан. Таны олон зуун шавь  өнөөгийн сэтгүүл зүй хэмээх их айлын гал тогоонд чанагдаж яваа?

-Хүн амьдралдаа давын өмнө дөрвөн зүйлийг үлдээх ёстой юм уу  гэж хааяа боддог, мэрийдэг.  Нэгдүгээрт, ичиж улайхааргүй сайхан ном хийх , хоёрдугаарт, өөрийн үргэжлэл болсон үнэнч шавь нар, гуравдугаарт,сайн үр хүүхэд, ач зээ дөрөвдүгээрт, хэн хүн гутааж дийлэхээргүй нэр төрөө дархлах гэсэн дөрвөн зүйл юм. Би самбар шохойтой бага залуугаасаа зууралдсан багш хүн. Дунд сургуульд нь ч багшилж явлаа. Боловсролын системд  удирдах ажлыг хийж явлаа. Их дээд сургуулиудад хичээл зааж олон шавьтай болсон. Тэдний нэрийг ч мэдэхээ байж дээ. Хаа газар ялангуяа сэтгүүл зүйн салбарт багшаа гээд уулздаг сайхан шав нар маш олон бий. Ганц миний шавь ч гэж бас юу байхав. Энэ олон эрдэмтэн багш нар дундаа дамжилж явдаг тэр л хүмүүс. Гэхдээ бас бараг адис авсан шавь нар гэж байна.   Миний хичээл зааж байсан шавь нар монголын төв хөдөөд бараг бүх сонин, радио телевиз, FM-д байна. Тэд өнөөдөр монголын шинэ сэтгүүл зүйг нуруундаа үүрч яваа. Нэрлээд яахав дээ. Заримыг нь дутуу хэлээд орхиж мэднэ. Өөрийн хийсэн бүтээлээс дутахгүй  шавь нарынхаа бүтээлд баярладаг болдог юм байна. Тэд маш хурдан өсч байна. Ер нь гайгүй багш гэдэг бол шавь нь өөрөөс нь давахыг хэлнэ гэсэн үг ч бий. Энд атаархал байж болохгүй. Тэр ч бүү хэл дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн агентлагт ажиллаж байгаа шавь нар ч  байна. Хэзээ нэгэн цагт  “ВВS” ,“CCN”-ээс монгол сэтгүүлч ярьж байна гэхэд гайхах зүйл гарахгүй биз дээ. Хятад толгой дэлхий сэтгүүл зүйд гайхалтай үнэлэгдэж байхад яагаад манайхаас нэг хоёр нь шоволзож болдоггүй юм бэ? 

-Өнөөгийн сэтгүүл зүйн салбарын ололт, дутагдлын талаар өөрийн бодлоо хэлэх бас хатуу шүүмжлэх эрх танд байгаа байх?

-Би түрүүн хэлсэн. Сэтгүүлч ард түмний хяналтанд байдаг. Нийгэм өнөөгийн сэтгүүл зүйг янз бүрээр л ярьж байна. Зарим нь ч үнэн, зарим нь худал. Болох бүтэхгүй болгоныг сэтгүүлч асааж, түймэр болгоод байгаа юм биш. Өөрсдөө болохгүй бүтэхгүй зүйлийг хийгээд тэгээд айсан хүмүүс юу ч гаргаж болно шүү дээ. Ер нь л сэтгүүлчдийг гутаах талдаа үг хэлдэг болсныг бид мэдрэх ёстой.  Сэтгүүлзүйн ачаар хамгийн нууц далд зүйл ч ил гарч хаалттай байхаа больсон. Мэдье гэсэн эрх чөлөөгөө ард түмэн нөгөө хараалгаад байгаа сэтгүүлчдийн хөдөлмөр, авьяасаар л олж авч байна шүү дээ. Энэ тухайд сэтгүүлчидээ өмөөрнөө.  Үүнийг сэтгүүл зүй мэдээллийн гүн рүү орж ил гаргаж тавьж чадаж байна. Энэ бол уншигч олон түмэнд бөөн олз юм. Дэлхийд болсон ямар ч хачирхалтай  үйл явдал хэдэн секунд минутын дараа л орж ирж байна шүү дээ. Хуучин бол далайгаар жиших бол эрэг мөргөцөг дээр ч гарч ирээгүй байсан. Одоо тэгвэл монголын сэтгүүл зүй далай руу алхаж ороод заримдаа ч бүр далайн давалгаанд өртөх тохиолдол ч гарч байна. Хэрвээ монголын сэтгүүл зүйд шүүмжлэлтэй ханд гэвэл бишгүйг хэлж болно. Юуны өмнө дэндүү эрээ цээргүй болсон. Хүний нэр төр гэж агуу юм бий. Муу мэдээ бичиж байхдаа ч нөгөө хүний тухайд гялтайх юмыг санаад л бичиж байх хэрэгтэй. Хэт шазуур зууж байна шүү. Муу муухайг баяр баясгалан мэт бичээд яахав дээ. Сэтгүүл зүй бол хэн нэгний өшөө хонзон авах цаазын газар биш. Хов жив, хорон муу санаа, гүтгэлэг, элдэв явуулга, дайрлага доромжлолын индэр болох хэмжээнд хүрч байгаад харамсдаг. Түүнээс биш нийгмийг хамгаалах үүднээс юуг ч яаж ч бичиж болно. Бүүр хайр найргүй, унтаж хэвтэж чадахгүй болтол нь ч  шүүмжилж бичиж  болно. Нэг бичвэл бичсэн шиг зүрх рүү нэвт ортол нь бичихгүй бол шударга бус зүйл газар авчээ. Заримдаа бүүр нударга зангидаж уур хилэн хорсол занал төрмөөр байх юм. Шүүмжлэлгүй сонин шүдгүй араатай адилхан. Ялангуяа нийгмийн шударга бус байдал, хээл  хахууль, албан тушаалын гэмт хэргийг хуу илчилж байх эрхтэй. Сэтгүүлчийн үзэгт огт гэмгүй нэгэн дүүжлэгдэх биш, гэмт этгээдүүд, зальтангууд дүүжлэгдэж байвал зохистой юм. Өдөр тутмын сонин гэдэг бол маш том зэвсэг төдийгүй сэтгүүл зүйн оргил. Энд л сэтгүүлч эр бяраа үзэж болдог сайхан талбар. Аливаа орны сэтгүүл зүйн хөгжлийг өдөр тутмын сонин, гол гол телевизээс олж хардаг. Тийм учраас өдөр тутмын сонинууд энэ зиндаагаа бодсон ч гэсэн сэтгүүл зүйн “хаанчлалаа” бодсон ч гэсэн бусдад үлгэр загвар болж байх ёстой.  Сэтгүүлзүйд ариусгах зүйл байх учиртай. Нэг бодлын шашин шиг гэгээрэх, ариусгах, оюун хүч тамир, итгэл авах хэрэгсэл болох тал дээр дутуухан байгаа юм. Муу юм руу бүгд хошуураад байвал биднийг яагаад сайн гэхэв дээ.

-Тэгвэл энэ бохирдсон сэтгүүл зүйг цэвэрлэх ямар гарц байна вэ?

-Энэ талаар зөндөө л яриа болдог юм билээ. Нэг өдрийн яриа, хурал номоор энэ засарна гэж байхгүй. Нэгдүгээрт, сэтгүүл зүй мэдээллээр бизнес хийж, гагцхүү мөнгө олох хэтэрхий шуналаасаа татгалзах нь чухал. Мэдээлэл бизнесийн хэрэгсэл болчихсон учраас зүүдэнд оромгүй юмыг зохиож ч байгаа зүйл ажиглагддааг. Түүгээрээ уншигчдаа барьж, тогтоох, захиалгаа нэмэгдүүлэхийг чармайдаг. Эцсийн эцэст баримттай үнэн зүйл бол сэтгүүлзүйн амин сүнс. Хоёрдугаарт, сэтгүүлчийн ёс зүйг айхтар сүрхий барих хэрэгтэй. Күнзийн “Ёс зүйгүй бол бүү ярь. Ёс зүйгүй бол бүү сонс. Ёс зүйгүй бол бүү үйлд” гэсэн үг байдаг. Үүнийг хааяа ч гэсэн санаж байхад илүүдэхгүй.

-1980-90-ээд оны үед нийтлэл, ярилцлагуудын жинхэнэ сор нь хэвлэгдэж байж гэж би боддог юм. Сүүлийн үед интертнэт хөгжсөн болоод ч тэр үү. Сэтгүүлчийн хийж буй сурвалжлага, ярилцлага, мэдээ нэг нэгнээсээ хуулсан “сopy” /хуулбарлаад /-оод байгаа тал ажиглагдаад байх шиг. Энэ нь бүтээлийн чанарт сөргөөр нөлөөлөөд байна уу даа гэж бодогдох юм?

-Сэтгүүл зүйн гол өрсөлдөөн мэдээлэл дээр явагдах ёстой. Ялангуяа телевизүүдийн мэдээ их ижилсэж байна. Мэдээлэл олох суваг нь нэг юм даа. Харин ТВ-8-ийн мэдээллийн толь зүгээр байна шүү.   20 телевизийн мэдээ үзэхэд нэг телевиз үзэж байгаа юм шиг ижилсжээ. М.Ганди “Юмыг олон  талаас нь хар, тэгвэл юм олон болж харагддаг” гэсэн утгатай сайхан үг бий. Зураг авлаа гэхэд эгц өмнөөс нь зүүн баруун талаас нь авахад хэлбэр, өгүүлэмж, дүрс өөрчлөгддөг шүү дээ. Тэгвэл нэг ижил мэдээг арай өөр талаас нь харахад л өөр болоод явчихна.   Мэдээллийн эрэл хайгуул, тэмцэл, мэдээллийн идэвх, мэдээллийн өнгө аяс тааруу байна гэсэн үг. Сэтгүүлч хүний үнэлэмж дүгнэлт хурц соргог байх хэрэгтэй. Мэдээнд тайлбар хийх эрхгүй гэсэн онол байдаг. Энэ зөвөө. Гэвч тайлбар хийхээс ч аргагүй  мэдээ гэж бий шүү дээ. Юмыг явцуу хязгаарагдмал байдалд хүлэх эрхгүй. Хүн хоёр нүдтэй боловч жаахан сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлбэл, сэтгүүлч  дөрвөн нүд, дөрвөн чих, дөрвөн хөлтэй байх ёстой. Мэдээг хөлөөрөө ч бичнэ. Гараараа ч бичнэ. Тархи мэдрэмжээр ч бичнэ. Мэдрэхүйн таван эрхтэн магадгүй зургаадахь мэдрэхүй  орж байж  жинхэнэ дайчин шуурхай, үнэн сэтгүүл зүйг бий болгоно гэж боддог шүү.

-Сэтгүүл зүйн олон төрлөөс аль нь мөхөж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна вэ?

-Радио, телевиз,сонин хэвлэлийг байнгын хөдөлгөөнтэй, сонирхолтой  идэвхитэй байлгахын тулд маш олон төрлийг ашиглах ёстой. Мэдээ гэхэд л дотроо  гучаад төрөл байгаа. Үүнийг л ашиглах ёстой. Мөхөхөөс өөр аргагүй төрөл ч гэж байна. Бидний үед хүчтэй байсан найруулал байхгүй болжээ. Би хэдийгээр сэтгүүл зүйд найруулалаар гарч ирсэн боловч найруулал өнөө үед жаахан зохихгүй байгаа тал бий. Хуурай хоосон магтаал болох аюултай. Үүний оронд маш сонирхолтой хөрөг, эссэ, блиц ярилцлага, эрэн сурвалжлах үй олон арга хэрэгсэл сонины гол төрөл биш юм аа гэхэд сонирхолтой төрлийн нэг байх ёстой. Ярилцлага дэлхийн сэтгүүл зүйн хайж олсон гайхамшигтай төрөл. Ярилцлага үргэлж халуунаараа, мөнх орших үнэн баримттай байдгаараа юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй зүйл. Ярилцлага үйл явдал болоод хүнийг илчилж чаддаг. XX зууны гайхамшигтай ярилцлагууд гэж дэлхийн сэтгүүл зүйд үлдсэн. Ярилцлагын хаан Ларри Кингтэй ярилцаагүй хүнийг ямар дээдэс гэхэв гэсэн яриа бий. Тэр орчлон ертөнцийн алдартны хамаг цуглуулга болсон тэр дал гарсан ч хамгийн их өртөгтэй, сэтгүүл зүйд үргэлж булаагдаж өрсөлдүүлж явсан  сэтгүүлч юм.  Ер нь ярилцлага тэр чигээрээ түүх байдаг. Залуу сэтгүүлчдэд хэлэхэд, биеэ үнэлэгч, шоронгийн хоригдол,  хулгайч дээрэмчинтэй  ярилцахаасаа нэг содон сонин хүнтэй уулзвал наад зах нь хожмоо  ном бүтээхэд хэрэгтэй.

-Танд түүнтэй ярицлага хийх нь яагаав гэж харамсах үе бий юу?

-Байхаар үл барам. Ер нь энэ бүх сэтгүүлчид байдаг байх. Миний сэтгүүлчээр орж ирсэн наяад он гэхэд  түүхийн гэрчүүд,  алдартны зах зух бүгд байсан юм билээ шүү дээ. Тэд ч амаа жиймийсээр байгаад нэг гогдсон үг хэлэлгүй алга болцгоожээ. Энэ нь алтны ордны ашгаас ч дутахааргүй үнэ цэнтэй зүйл.   Гэхдээ ярилцлагыг хэтрүүлж байгаа тал ялангуяа чөлөөт хэвлэлд их байх юм.  Дан ярилцлагаар бүтсэн сонин ч бишгүй байдаг. Сэтгүүл зүйн зарим төрөл мөхөж алга болсноо сэхээд гараад ирдэг. Тавь, жар, далаад  оны гайхамшигт найруулал гэнэт сэргээд ирэхийг хэн тааж мэдэх вэ. Б.Ринчен гуайн “Их говийн зоригтон хүмүүс” шиг найруулал нэн ялангуяа энэ сүүдэр сүүл нь өнгөрч ядаж байгаа үхэр жилийн зудны үеэр мөн ч их үгүйлэгдэж байсан шүү. Үүнийг үгээр зурж үлдээх ёстой байсан юм. Ёстой нөгөө “Морьтойсон болоод завтайсан бол доо” гэсэн их зохиолчийн үг надад мөн ч их бодогдсон шүү. Гэхдээ би ямар сонин хэвлэлд ажиллаж байгаа биш дээ. Залуус олон шинийг үлдээнэ.

-Та бас сэтгүүл зүйг судалдаг хүний хувиар үгүйлэгдэж байгаа ямар сэдэв байна?

-Төрөл бүрийн тойм чухал байх шиг. Маш жижиг зай талбайд маш уртайгаар, маш сонирхолтойгоор, маш мэдрэмжтэйгээр,  маш гүн өргөн багтаамжтай илэрхийлэх тэр “тойм” бичих урлагт суралцмаар байна. Тойм гэдэг бол үнэхээр нэг хүсэн хүлээсэн тэр асуудалд тас хийтэл хариулт өгөхийг хэлж байгаа юм даа. Үүнийг сэтгүүл зүйн теорем гэж болно. Гаргалгаа, баталгаа нь цуг. Ер нь маш сайн бичдэг залуус олон болжээ. Бид тэр жил Туркийн “Өглөө”  гэдэг хамгийн том сонины редакцад очсон. Тэр сонины нэгдүгээр нүүрэнд нэрд гарсан эдийн засагчийн тоймчийн ердөө 70-хан мөрөөс долоо хоногийн Туркийг бүхэлд нь  харж болно хэмээн хэлж байсан нь сонирхол татаж байлаа. Тагнуул шиг л юм. Үнэндээ энэ тоймоос олон улсын биржид ямар металл үнэ орох хэдийд юунд хөрөнгө оруулах, тэр бүү хэл долларын ханшны зөрүүнээс ямар унац гаргаж болох тухайг шууд хэлчихдэг гэж байсан. Тэгвэл бид Оюутолгой, Тавантолгойгоос хувь хүн хэзээ ямар ашиг олохоо мэдэхгүй байна. Би ч одоо хүртэл тэр биржийн учрыг олдоггүй. Цэнхэр ягаан тасалбараа эрээд олохоо больсон. Уг нь учрыг олдог хүн зөвхөн үүгээр амьдардаг гэж сонссон. Газар хөдлөлтийн аюул занал их мэдрэгдэж байна. Эндээс яаж амиа авч гарахаа мэдэхгүй байна. Иймэрхүү багцалсан тойм,  олон түмэнд хэрэгтэй жижиг бичил ярилцлагууд хэрэгтэй байна. Гадаадад ажиллаж байгаа монголчуудаас интернэт ярилцлага хийх асуудал их тааруухан байх шиг. Сонин хэвлэлийнхэн идэвх гаргахгүй бол интернэтийн “блог” бичигчдээс дордож хоцрох аюул байгаа шүү.

-Монгол хэлний үгсийн сан асар баялаг. Гэтэл хэвлэлүүд маань үгсийн сангаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Мөн сүүлийн үед урьд өмнө  сонсогдож байгаа үг их ашиглах болжээ. Жишээ сонингууд “Төрийн гурван өнлөрлөг”, ямартай ч” гэж бичих юм. Ийм үг үгсийн санд бий юу?

-Монгол хэлнийг үгсийн санг Б.Ринчен гуай сая гаруй үгтэй гэж бичсэн байдаг. Эдгээр үгийг бүрэн гүйцэд ашиглана гэж байхгүй. Энд өвөрмөц хэллэгүүдийг оруулсан байх. Оруулаагүй бол бүр ч илүү. Учир нь монгол хэлний өвөрмөц хэллэг үндсэн үгээсээ илүү юм шүү дээ. Оросын утга зохиолын уран үгийн мастер АС.Пушкин зохиол бүтээлдээ 30000 үгийг ашигласан гэсэн мэдээ байдаг. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлчид хэчнээн үгийн хэмжээнд бүтээлээ бичиж байгааг мэдэх арга алга. Далаад онд 500, 600 үгэнд эргэлдэж байна гэсэн яриа байдаг байсан. Одоо дордсон уу, дээрдсэн үү? гэдгийг л судалж үзэх хэрэгтэй байгаа. Ямар ч муу яруу найрагч  “нэн ялангуяа” гэсэн үгийг шүлгэндээ оруулдаггүй гэсэн үг байдаг. Тэгвэл сэтгүүлчид “ямартай ч” гэдэг үгийг их хэрэглэдэг болсон юм уу? Би нэг их ажигласангүй. Байрыг нь олбол ямар ч үг байрандаа зохино. Ямар уул овоо оргил байгаа биш дээ. Ядаж төрийн гурван удирдлага гэж хэлж бичиж болмоор юм. Мөн бүх  телевизээр “Маань” гэдэг үгийг дээр доргүй замбараагүй хэрэглэдэг.  ДОХ маань, хулгайч маань, ханиад маань, ялтан маань гэж хүн болгоны амнаас гарч байна. Олон тоон дээр байгаа төлөөний энэ нөхцөл бүлээн халуун юман дээр хэрэглэвэл зохистой баймаар. Жишээлбэл,  “Дорж маань орж ирлээ” гэвэл чигтэйхэн халуун дотно уур амьсгал бүрдүүлнэ  шүү дээ. Зөв ганц үг  хүйтэн хярууг хайлуулах чадалтай. 

-Таны сүүлд гаргасан “Он цагийн шастир” номыг мэргэжил нэгтнүүд, судлаачид ихээхэн үнэлэхийг нэг бус удаа сонслоо?

-Сайн муу номоор монголын агуулах дүүрчээ.  Номыг  гаргахын тулд биш, гаргахаас өөр аргагүй болоод гаргавал зүгээр. Тоо нь чухал биш, чанар нь чухал. Энэ олон орчуулгын ном монгол хэл, сэтгэлгээг мөн ч “алж” байнаа. Барьвал уншаад дуусгахаас өөр  номууд ч гарч л байна. Би долоо хоногт гурваас таван номыг заавал уншихыг эрмэлздэг. Заримдаа ч амжихгүй юм. Өөрөө хийх юм ихтэй болохоор хэцүү. Ном гаргах нь хүний эрх боловч хүний оюун санаанд үлдэцтэй зүйл хийх эрхтэй. Оюун сэтгэлгээний хүч чадлыг шавхсан, цагийн шалгуурыг даах бүтээл туурвил сайн юмсан. Миний амьдралын одоогийн гол зорилго бол сайн ном, сайхан номыг үлдээх л гэж боддог. “Он цагийн шастир”  ном өнгөрсөн оны сүүлээр гарсан боловч борлогдоод дууслаа. Гар дээрээ номгүй хоцрох нь…Ганц нэг дэлгүүрт байгаа бол эргүүлж авъя гэж бодож байгаа. Дахиад олдохгүй, дахиж хэвлүүлж ч чадахгүй. Энэ реклам биш шүү. Сүүлийн жилүүдэд овоо зэгсэн дэмжигч,  уншигчидтай болоод байгаадаа баяртай байгаа. Үүгээрээ нэгдүгээрт, сэтгүүл зүйн бүтээл гэдэг бол тэр чигээрээ түүхэн баримт байх ёстой гэсэн зарчимыг барьсан. Хоёрдугаарт  сэтгүүл зүй гэдэг бол уран зохиолчдоос дутахааргүй ур чадвар, нэн ялангуяа монгол хэлний асар баялаг үгийн санг эзэмшсэн байх нь чухал болов уу?  гэж бодсон юм. Гуравдугаарт, жаахан оюунлаг талыг түш юү? гэсэн хандлагыг барьж бүтээсэн.  Сэтгүүл зүйн бүх төрлөөр бичсэн байна. Олны өгсөн сайшаал урам дараагийн номны эрч хүчийг өгөх юм. Хүмүүс  миний  энэ номоос ярилцлага хөрөг, эсээг илүүтэй сонирхож уншсан байна лээ.

-Та Монголын сэтгүүл зүйд рекорд тогтоохоор их  ажиллажээ?

-Наадах чинь сонин сонсогдож байна. Би хэзээ ч рекорд тогтооё гэж бодож санаж явсангүй. Та миний сэтгүүлзүйн салбарт ажилласан зам мөрийг  ажигласан бололтой. Үнэхээр энэ салбарт тогтож ажилласан. Хориод жил зохиол бүтээлээ хойш тавьж эхний нүүрний мэдээнээс төгсгөлийн редакц хүртэл харж уншиж засаж, улаан эрээн болгож ажиллажээ. Сониныхоо шинэ дугаарыг өөрийн шүлэг өгүүллэг мэт үзэж байж. Заавал өөрийн гараар үзэж уншиж байж…Энэ тийм сайн арга ч биш бололтой. Ингэсэн гэдгийг ч хэн мэдэж байгаа юм. Эрхлэгч хүн биеэ бодох хэрэгтэй. Намайг шинэ сэргэг санаа өгдөг, бараг нэг сургууль төгссөний дайтай байсан гэж хөөргөдөг. Худал явуулж ч байж мэднээ.   Өдөр тутмын таван сониныг гаргалцаж, гол шавар нухах ажлыг хийж байлаа. Сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж явлаа. Хөдөө болоод гадаадад  ч тусгай сурвалжлагч хийж үзлээ. Сэтгүүлзүйн сурах бичиг, гарын авлага цөөнгүй  бичлээ. Их дээд сургуульд багшиллаа. Багшилж ч байна. Рекорд гэх нь ч хаашаа  юм. Ингээд үзэхэд ажиллаагүй газаргүй юм байна. Ийм хүний хувиар л та надтай уулзаж байгаа байх. Монголын сэтгүүлзүй сод авъяастнуудаар дутахгүй ээ, харин ашиглагддаг, дарамталдаг, арилжаалагддаг тэр байдлаасаа л салаарай гэж хэлье дээ.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж